
2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, “Таван нүдэн” брэндийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Чингис + 8” болон “Өндөр хаан” хэмээх уран баримлын хоёр бүтээлийг олон нийтэд танилцууллаа. "Таван нүдэн" брэндийн хамт олон зураач Б.Ганбат, уран барималч Г.Санчирболд болон бусад судлаач, уран бүтээлчид жил гаруйн хугацаанд дээрх бүтээлүүдтэй холбогдох түүх, угсаатны зүйн судалгаа, судалгааны баримт бичиг зэргийг судлан эдгээр бүтээлийг туурвижээ.
“Чингис +8” бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхэн дэх Их эзэн Чингис хаан болон түүний хамгийн итгэлт найман баатрыг нэгэн зохиомжид нэгтгэсэн, баатарлаг сүр хүч, эрчимт хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, үйл явдлын өрнөлийг уран сайхны өндөр түвшинд илэрхийлсэн уран баримлын цогц бүтээл юм. Бүтээлд Чингис хаан, түүний дөрвөн итгэлт жанжин болох Хубилай, Зэв, Зэлмэ, Сүбээдэйг урд давшилж буй байдлаар байдлаар дүрсэлжээ. Харин арын хэсэгт хамгаалалтад явах дөрвөн хүлэг баатар Боорчи, Мухуйлай, Борохул, Чулуун нарыг динамик хөдөлгөөн бүхий төгс тэнцвэртэйгээр зохиомжилсон байна.
“Өндөр хаан” уран баримал нь “Чингис + 8” бүтээлд дүрслэгдсэн Чингис хааны дүрийг бие даасан бүтээл болгон урласан хувилбар юм. Дүрслэл, уран сайхны шийдлийн хувьд өмнөх бүтээлтэй ижил төстэй боловч хааны дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимэглэл болон бэлгэдэлт элементүүдийг илүү нарийвчлан боловсруулснаараа онцлог болсныг куратор Ж.Дархижав онцлон хэллээ. Ингэснээр үзэгчид зөвхөн Чингис хааны дүрд анхаарлаа төвлөрүүлж, бүтээлийн нарийн хийц, уран сайхны илэрхийлэл, бэлгэдлийн утга агуулан болон урлахуйн арга ажиллагааг ойроос ажиглах боломжтой бүтээл болсныг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн энэхүү бүтээлийг “Өндөр хаан” хөгжмийн зохиол, баримтат кинотой хослуулан толилуулж буй нь үзэгчдэд уран баримлын дүрслэл, утга санааг хөгжим, дүрсээр дамжуулан гүнзгий мэдрэх боломжийг бүрдүүлсэн аж.
“Чингис + 8” болон “Өндөр хаан” хэмээх уран баримлын хоёр бүтээлийг “Чингис хаан” үндэсний музейд үзэх боломжтой.
Уран барималч Г.Санчирболдын "Өндөр хаан" уран баримал
"ЧИНГИС + 8" бүтээл