
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн зуучлалаар Израил болон Ливан улсууд 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийхээр тохиролцжээ.
АНУ-ын мэдэгдэлд талууд шууд хэлэлцээг эхлүүлэхээр зөвшилцсөн гэж дурдсан бол Израил улс бүх төрийн бус зэвсэгт бүлэглэлүүдийг, ялангуяа Хезболлаг зэвсэггүй болгох зорилготой гэдгээ илэрхийлсэн байна.
Ливаны Ерөнхийлөгч Йосеф Аоун гал зогсоох болон хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг уриалжээ.
Гэсэн ч “Хезболла”-гийн улс төрийн зөвлөлийн гишүүн Вафик Сафа хэлэлцээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.
Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ливанд 2000 гаруй хүн амь үрэгдэж, нэг сая орчим хүн дүрвээд байна. Мөн “Хезболла” Израил руу олон удаагийн пуужин, дроны довтолгоо хийсэн гэж мэдээлжээ.
АНУ Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Ливан улс зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг гол шаардлагаа болгож байна.
Энэхүү хэлэлцээ нь Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах “түүхэн боломж” гэдгийг Марко Рубио онцолжээ.