
АНУ-ын Конгрессын номын номын санд хадгалж буй монголын түүхтэй холбоотой баримт, нийтлэл, өгүүлэл, зургийн цомог бүхий “Ларсон гүн” номын нээлт боллоо.
Тус номд Шведээс манай оронд 1893 онд анх шашин номлохоор ирсэн Август Ларсоны амьд ахуйдаа цуглуулсан монголын тухай, ховор сонин гэрэл зураг, түүхэн тэмдэглэл, баримтуудыг багтаажээ.
Тухайлбал, “Гуйлгачид нь хүртэл морь унадаг монгол” гэх зураг сонирхол татна. Учир нь Швед, АНУ зэрэг оронд гуйлгачин хүн морьтой байх боломжгүй. Морьтой байхын тулд газар эзэмшсэн байхаас эхлээд дундаас дээш орлоготой хүн байх ёстой атал захын монгол хүн ядуу тарчиг ч морьтой байгаа нь гайхширал санагдаж байсан биз ээ. Мөн чийчаан унасан “өндөр Гонгор” болон Дилав хутагттай холбоотой гэрэл зургууд нь тун сонирхолтой.
Богд хаанаас Ларсонд монгол, америкийн хооронд харилцахад хэлмэрчилж, мөн АНУ-аас анхны элч төлөөлөгч ирэх үед орчуулагчаар ажиллаж байсан гэхчлэн урамшуулж 1920 онд “гүн” цол хүртээсэн байна. Тэрбээр монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд хамгийн анхны ном “Монголын гүн Ларсон” нь Шведэд “Монгол ба монголчуудын дунд миний амьдрал” нэрээр 1929 онд хэвлэгдэн ихэд түгжээ. Олон хэлээр орчуулагдсан төдийгүй Туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглаж байсан гэдэг.