
Боловсролын зээлийн сангаар 2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авсан ч сургалтын төлбөрийг нь шийдэхгүй байгаа асуудлаар суралцагчид болон эцэг эхийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Бакалавр, магистрын оюутнууд болон эцэг, эхийн төлөөлөл Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж, асуудлыг шийдэх хүртэл төрийн ордны гадна суулт хийхээр төлөвлөснөө энэ үеэр хэлж байв.
Тэд Ерөнхий сайд Н.Учралд дараах шаардлагыг хүргүүлсэн юм.
Уг шаардлагад "Боловсролын сайд асан П.Наранбаяр нь 2026 оны хоёрдугаар сарын 28-ны А/67 тоот тушаалаараа 2026 онд Дэлхийн ТОП100 их дээд сургуульд түвшинд суралцах урилга/эрхээ авсан иргэдэд олгох тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 2026 оны хяналтын тоог 10, магистрын тоог 20 болгож баталсан. Ийнхүү өмнөх онуудтай харьцуулахад Магистрт олгодог байсан тэтгэлгийг болиулж, гадаадад зээлээр суралцагчдын тоог 90 орчим хувиар огцом бууруулсан байгаа нь тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын хайхрамжгүй, сэтгэлгүй хандлага, Төрийн бодлогын тогтворгүй, уялдаагүй байдгийн жишээ, мөн энэ 2026 оны хүүхдүүдэд төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар тэгш боломжийг хязгаарлан ялгаварлан гадуурхаж буй үйлдэл юм. Бид Монгол Улсаа төлөөлөн дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах эрхээ авч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгаа боловч сургалтын төлбөрийн санхүүжилт тодорхойгүй байгаагийн улмаас суралцах эрхээ алдах, их сургуулийн элсэлтээ баталгаажуулж чадахгүй болох, улмаар олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл нь талаар өнгөрөх эрсдэлтэй нөхцөл байдал бодитоор үүсээд байна.
ИЙМЭЭС БИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА:
Эдгээр суралцагч дэлхийн шилдэг 100 их сургуулиудын хатуу шалгуурыг давж, суралцах эрхээ өөрсдийн хөдөлмөр, чадвараараа авсан. Тэд журмын бүх шаардлагыг хангаж, ил тод сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд тэдний зүгээс ямар ч алдаа гаргаагүй. Эдгээр залуус ирээдүйд Монгол Улсдаа мэдлэг, туршлагаа авчрах хүн капиталын үнэт нөөц болно гэдэгт бид итгэлтэй байна.
Өнөөдөр нэг оюутны сургалтын төлбөрийг шийдэхгүй байх нь маргааш Монгол Улсын хөгжлийн боломжийг алдах эрсдэлтэй юм.
Бид 2026-2027 оны хичээлийн жилд Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авч, Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн эцэг эхийн төлөөллийн хувьд асуудлыг бодитоор шийдвэрлэх хүртэл шаардлагатай бүх аргаар тэмцэл хийж дуу хоолойгоо хүргэж хугацаагүйгээр тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Аливаа гарах хариуцлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал танаас нэхэмжлэх болно" гэж шаардлагад бичжээ.