
Хаан Чарльз III болон Хатан Камилла өчигдөр National September 11 Memorial & Museum-д зочлох үеэр АНУ, Их Британийн эв нэгдэлийг онцолсон сэтгэл хөдөлгөм зурвас үлдээжээ.
Цагаан цэцгийн баглаанд хавсаргасан тус зурваст “2001 оны 9-р сарын 11-нд харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Тэрхүү гарз хохирлын өмнө Америкийн ард түмэн эв санаагаараа нэгдэж байна” хэмээн бичсэн байна.
Энэ үйл явдал нь Вашингтон, Нью Йорк хотуудад хийсэн нэг өдрийн айлчлалын хүрээнд болсон бөгөөд хоёр орны харилцааг онцлох, мөн хааны гэр бүлийн буяны үйл ажиллагааг танилцуулах зорилготой байв.
Хаан, Хатныг тус дурсгалын газраар Нью-Йорк хотын захирагч асан, одоогийн удирдах зөвлөлийн дарга Майкл Блүүмберг дагалдан танилцуулжээ.
Хаан өмнөх өдөр нь АНУ-ын Конгрессын өмнө үг хэлэхдээ 2001 оны 9-р сарын 11-ний халдлагыг дурдаж НАТО-гийн 5-р заалтыг анх удаа хэрэгжүүлж, Их Британи АНУ-д цэргийн дэмжлэг үзүүлсэн тохиолдол байсан гэж онцолсон юм.
Дэлхийн худалдааны төвийг онилсон террорист халдлагын улмаас 2800 хүн амь үрэгдсэний 67 нь Их Британийн иргэд байжээ.
Тус арга хэмжээнд Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани, мужийн захирагч Кэти Хочул, Мики Шеррилл нар оролцож, Хаантай уулзсан байна.
Арга хэмжээний өмнө Зохран Мамдани Хаантай ганцаарчилсан уулзалт хийх боломж гарвал дэлхийд алдартай, маргаантай эрдэнэ болох Кох-и-Нуур алмаазыг Энэтхэгт буцаахыг хүсэхээ мэдэгдсэн ч энэ тухай яригдсан эсэх нь тодорхойгүй байна.