
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтэд зөвхөн ажлын байрны сонгон шалгаруулалт бус, тухайн байгууллагын дэд бүтэц, ажил олгогчдын хандлага ч нөлөөлдөг. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайсан ч хүртээмжгүй орчин, ойлголт дутмаг хандлагын улмаас олон боломжоо алдсан тухай боловсролын зуучлалын байгууллагад менежерээр ажилладаг Б.Отгон-Эрдэнэ ярьж байна. Тэрээр нийтийн орчин хүртээмжтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох боломжтой болгоно гэдгийг онцоллоо.
–Та одоо ямар ажил эрхэлдэг вэ? Ажилдаа хэрхэн явдаг вэ?
–Би боловсролын зуучлалын байгууллагад менежерээр ажилладаг. Гэр маань ажлаас ойролцоогоор 10 километрийн зайтай учир ихэнхдээ нийтийн тээврээр ажилдаа ирж, очдог.
–Их сургуулиа төгсөөд ажил хайхад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
–Би 2024 онд их сургуулиа төгсөөд л ажил хайж эхэлсэн. Олон байгууллагад CV-гээ явуулж, ярилцлагад орсон. Миний мэргэжил, туршлагад тохирох ажлын байр байсан ч тухайн байгууллагын дэд бүтцээс шалтгаалаад ажилд орж чадахгүй тохиолдол олон гарсан.
Тухайлбал, гаднаа налуу замгүй, өндөр шаттай, ариун цэврийн өрөө нь хүртээмжгүй, тэргэнцэртэй хүн ажиллахад хангалттай зай талбайгүй зэрэг асуудал тулгардаг байсан. Тиймээс зөвхөн мэргэжлийн шаардлагад нийцэхээс гадна өөрт тохирсон ажиллах орчинтой байгууллага хайх шаардлагатай болсон. Мөн зарим ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүнтэй хамтран ажиллах талаар ойлголт дутмаг байгаа нь анзаарагдсан. Жишээлбэл, гэрээсээ ажиллахыг санал болгох тохиолдол ч гарсан. Гэрээс ажиллах боломжийг үгүйсгэхгүй ч хүн бүрийн адил хамт олонтойгоо ажиллаж, нийгмийн харилцаанд оролцох хүсэл надад байдаг. Зөвхөн хүртээмжгүй орчноос болоод гэрээсээ ажиллах ёстой гэсэн хандлага нь миний хувьд боломж олгож байгаа мэт боловч нийгмийн оролцоог минь хязгаарлаж байгаа хэрэг юм шиг санагддаг.
2024 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107 904 хүн амьдарч буйгаас нийслэлд 32 хувь, орон нутагт 68 хувь нь амьдарч байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 89 594 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас ердөө 18 хувь буюу 16 175 нь хөдөлмөр эрхэлдэг гэдгийг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.

–Тэгвэл тэргэнцэртэй иргэдийг ажиллуулахын тулд байгууллагууд ажлын орчиндоо юуг анхаарах хэрэгтэй бол?
–Хамгийн наад зах нь налуу замтай байх хэрэгтэй. Ариун цэврийн өрөөний хаалга тэргэнцэртэй хүн ороход хангалттай өргөн, дотор нь чөлөөтэй эргэх зайтай байх шаардлагатай. Мөн ширээ, суух орчин нь тухайн хүний хэрэгцээнд тохирсон, тэргэнцэртэй хүн ажиллах болон хөдөлгөөн хийх боломжтой зай талбайтай байх нь чухал. Эдгээрийг байгууллага бүр өөрсдөө таамаглаж шийдэх албагүй. Хүртээмжийн асуудлаар зөвлөгөө өгдөг байгууллага, холбоодоос тусламж авч болно. Тухайлбал, Түгээмэл хөгжил төв, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгууллагад хандаж, орчноо хэрхэн хүртээмжтэй болгох талаар зөвлөгөө авах боломжтой. Үүнээс гадна ажил олгогчид болон хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар сургалт, мэдээлэл өгөх хэрэгтэй. Зөвхөн дэд бүтцийг өөрчлөөд зогсохгүй хүмүүсийн ойлголт, хандлагыг давхар өөрчлөх шаардлага ч бий.
–Ажил, нийгмийн орчинд бусдын хандлага танд хэрхэн мэдрэгддэг вэ?
–Би багаасаа тусгай сургуульд бус, бусад хүүхэдтэй хамт ердийн сургуульд суралцсан. Их сургуульдаа ч мөн адил бусадтай хамт сурч төгссөн. Тиймээс нийгмийн харилцаанд оролцож, өөрийнхөө хүссэн зүйлсийг бусдын адил хийхийг хүсдэг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хандлага харьцангуй өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Ялангуяа миний үеийн залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид илүү ойлгож, хүндэтгэлтэй хандах нь бий. Зарим хүн “Би тэр зүг рүү явж байгаа юм, хүсвэл таныг дөхүүлээд өгье” гэх мэтээр эелдгээр тусалдаг. Миний оршихуйг онцгойлон анхаарч, намайг эвгүй байдалд оруулахгүйгээр туслах хүмүүс олширч байгаа нь сайхан санагддаг.
Гэхдээ зөвхөн хүмүүсийн хандлагаас гадна орчны хүртээмж маш чухал хэвээр байна.
–Нийтийн орчин хүртээмжгүй байх нь таны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
–Найзуудтайгаа тоглолт үзэх, кофе шопоор үйлчлүүлэх зэрэг энгийн зүйлс хүртэл заримдаа бэрхшээлтэй байдаг. Тоглолтын талбайн хаалт өндөр байвал тэргэнцэртэй хүн тайз харах боломжгүй болно. Орох, гарах хэсэг нь тохиромжгүй бол олон хүний дунд хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй. Найзуудтайгаа кофе шоп руу ормоор байхад үүдэндээ шаттай, налуу замгүйгээс болж орж чадахгүй зогсох үе ч бий. Тэр үед хүмүүс туслах гэж над дээр бөөгнөрдөг. Тэдний санаа нь сайн ч гэсэн олон хүний анхаарлын төвд орох нь надад тухгүй мэдрэмж төрүүлдэг. Харин орчин нь анхнаасаа хүртээмжтэй байвал би бусдын адил ороод үйлчилгээгээ аваад гарч чадна. Тоглолтын талбайд тэргэнцэртэй хүмүүс үзэх боломжтой хэсэг, аюулгүй орц гарц төлөвлөсөн байхад л бие даан оролцох боломж нэмэгдэнэ. Энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал биш. Хүүхдээ тэргэн дээр түрж яваа ээж, өндөр настай хүн гээд олон хүнд хүртээмжтэй орчин хэрэгтэй. Нийтийн орчныг хүн бүрд ээлтэй байдлаар төлөвлөх нь маш чухал.
–Та ажилдаа ганцаараа явдаг гэж ярьсан. Нийтийн тээвэр болон хотын орчинд ямар бэрхшээл тулгардаг вэ?
–Улаанбаатарт ганцаараа явахад ч, хүнтэй хамт явахад ч өдөр тутамд олон саад тулгардаг. Заримдаа хэдхэн алхам тутамд л саадтай орчинтой таарна. Хотын дэд бүтэц, явган хүний замын зохион байгуулалт хүртэл бие даан зорчиход хүндрэл учруулдаг. Одоогоор би хувийн туслахын үйлчилгээ авч байгаа. Энэ үйлчилгээний хүрээнд туслах маань ажилдаа явах, буцах үед гэрээс ажилд хүргэж өгөх, ажлаас гэрт хүргэхэд тусалдаг. Гэхдээ энэ нь миний өмнөөс бүхнийг хийж, шийдвэр гаргадаг гэсэн үг биш. Харин өөрөө хийх боломжгүй зүйлд минь тусалж, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлдэг үйлчилгээ юм. Хувийн туслахтай болсноор өдөр тутмын зарим бэрхшээл хөнгөрдөг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил бие даан зорчих боломжтой байхын тулд хотын орчин, нийтийн тээвэр, барилга байгууламжийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай.
–Таны бодлоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хамгийн чухал өөрчлөлт юу вэ?
–Хүртээмжтэй дэд бүтэц, зөв хандлага хоёр хоорондоо салшгүй холбоотой. Хүн нийгмийн харилцаанд оролцож, өөрийгөө хөгжүүлж, бусадтай хамт амьдарч байж илүү олон боломж нээгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн гэрээсээ ажиллах боломжтой гэж харах, эсвэл орчин нь тохиромжгүй учраас тухайн хүнийг оролцуулахгүй байх нь асуудлыг шийдэх арга биш. Харин хүн бүр ажиллаж, суралцаж, нийгмийн амьдралд оролцох боломжтой орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв налуу зам, хүртээмжтэй ариун цэврийн өрөө, аюулгүй орц гарц, тохирсон ажлын байр байвал би бусдын тусламжийг байнга хүлээлгүйгээр өөрийнхөө хүссэн зүйлсийг хийх боломжтой. Эцсийн дүндээ хүн бүрд ээлтэй орчин бүрдүүлэх нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бус, нийгмийн бүх гишүүнд хэрэгтэй өөрчлөлт юм.
Бэлтгэсэн А.Ариунжин