
BTS хамтлагийн удахгүй болох тоглолтын тасалбарыг хууль бусаар дамлан зарж буй явдлыг таслан зогсоохоор хатуу арга хэмжээ авна гэнэ. БНСУ-ийн цагдаагийн байгууллага BTS хамтлагийн тоглолтын тасалбарыг онлайнаар дамлан зарж буй 1800 гаруй зар илрүүлж, тасалбарын дамын сүлжээний гишүүдийг баривчилсан бөгөөд тэд нийтдээ 6 тэрбум орчим вон олсон байж болзошгүй гэж үзэж байна.
Тоглолт 3-р сарын 21-нд Гванхвамун талбайд болох бөгөөд хамтлагийн шинэ цомог “Arirang” гарсны дараах өдөр зохион байгуулагдах ба шууд дамжуулалтыг Netflix-ээр үзүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ цомгийн дараа хамтлаг 2026 оны 4-р сараас 2027 оны 3-р сар хүртэл 23 улсын 34 хотод нийт 82 тоглолт хийх дэлхийн аялан тоглолт эхлүүлэх юм.
Хамтлаг эргэн нэгдэж байгаа нь Өмнөд Солонгос болон гадаадын фенүүдийн дунд тасалбарын төлөө ширүүн өрсөлдөөн үүсгэж, дамлан худалдаалагчид болон залилан мэхлэгчдэд боломж бүрдүүлжээ.
Гоян хотод 4-р сард болох BTS-ийн гурван тоглолтын тасалбар фен клубын урьдчилсан борлуулалтаар бараг тэр даруй дууссан байна. Гэвч удалгүй дахин худалдаалах зарууд гарч, зарим тасалбар анхны үнээс бараг 40 дахин өндөр үнээр зарагдаж эхэлжээ.
Албан ёсны хамгийн үнэтэй тасалбар 264 000 вон байсан бол тайзны хамгийн ойрын суудлууд 10.37 сая вон хүртэл үнээр дахин зарагдсан гэж Korea JoongAng Daily мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Соёлын яам тасалбар дамлан зарж буй үйлдлийг илрүүлэхийн тулд Junggonara болон Ticketbay зэрэг онлайн худалдааны платформуудыг хянаж, хууль бус үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүст хуулийн арга хэмжээ авч эхэлснээ мэдэгдсэн байна.
Яамны мэдээлснээр тасалбар захиалга нээгдсэн 1-р сарын 23-наас 3-р сарын 9 хүртэл BTS-ийн тоглолтын тасалбарыг дахин зарж буй 1868 зар илэрсэн байна. Үүнээс 105 тасалбарыг хэт өндөр үнээр санал болгосон дөрвөн тохиолдлыг илрүүлж, Үндэсний цагдаагийн албанд шалгуулахаар шилжүүлжээ.
Соёлын сайд Чой Хви Ёнг “Тасалбар дамлан зарах явдал нь тоглолтын тасалбарын шударга хуваарилалтыг алдагдуулж, фенүүдийн чин сэтгэлийн сонирхлыг ашиглан мөнгө олж байна” гэж мэдэгдэв. Тэрээр мөн фенүүдийг зөвхөн албан ёсны сувгаар тасалбар худалдан авахыг уриалж, “худалдан авагч байхгүй бол дамлан худалдаа алга болно” гэдгийг онцолжээ.
Эрх баригчид дахин зарагдсан тасалбар авсан хүмүүсийг ч тоглолтод оруулахгүй байх боломжтойг анхааруулсан байна. Уг тоглолтын тасалбар QR код бүхий гар утасны тасалбар хэлбэрээр олгогдох бөгөөд скриншот авах боломжгүй. Мөн оролцогчид нэр нь тасалбартай таарах иргэний үнэмлэх үзүүлж, шилжүүлэх боломжгүй бугуйвч зүүх ёстой гэнэ.
Цагдаа нар BTS-ийн тоглолттой холбоотой хэд хэдэн гэмт хэргийн хэргийг мөн шалгаж байна. Park Jeong Bo, Сөүл хотын цагдаагийн газрын дарга Пак Жёнг Со тасалбарын залилан болон автомат програм ашиглан олон тасалбар худалдаж аваад өндөр үнээр дахин зарах гурван хэргийг шалгаж байгааг мэдэгдсэн байна. Ийм автомат програмууд тасалбарын вэбсайтыг маш хурдан шинэчилж, борлуулалт эхэлмэгц олон тасалбар авах боломж олгодог бөгөөд Өмнөд Солонгосын хуульд энэ аргыг ашиглахыг хориглодог.
Ийм програм ашигласан 16 дамлан худалдаалагч баривчлагдсан бөгөөд тэд 2022 оны 10-р сараас 2026 оны эх хүртэл 7.1 тэрбум воны хууль бус ашиг олжээ.
Албаныхны хэлснээр кпоп тоглолтын эрэлт, ялангуяа BTS-ийн тоглолтын эрэлт эрс нэмэгдсэн нь энэ асуудлыг улам хүндрүүлж байна. Зөвхөн Гванхвамун дахь тоглолтод 260 000 гаруй фен цуглана гэж тооцоолжээ.