
Манчестер Юнайтед клубын гүйцэтгэх захирал Омар Беррада “талбайн гаднах шинэчлэл”-ийн үр өгөөж санхүүгийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлж эхэлснийг онцолсон ч клубынх нь өр 1.3 тэрбум фунт стерлингт дөхөж байгааг хүлээн зөвшөөрлөө.
2025 оны 12-р сарын 31-ээр дууссан зургаан сарын хугацаанд Юнайтед 32.6 сая фунт стерлингийн ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 3.9 сая фунтын алдагдалтай байсан үзүүлэлтээс эрс ялгаатай үр дүн юм.
Гэвч клуб эргэлтийн зээлийн шугамаасаа нэмэлт 25 сая фунт стерлинг татан авч, нийт дүн нь 295.7 сая фунт стерлингт хүрчээ.
Глэйзерийн гэр бүлийн худалдан авалтаас үүдэлтэй “хуучин өр” болон 500 гаруй сая фунт стерлингийн нэмэлт өр төлбөр (ихэнх нь шилжүүлгийн төлбөрийн үлдэгдэл) зэргийг тооцвол клуб өнгөрсөн оны эцсээр нийт 1.29 тэрбум фунт стерлингийн өртэй байв. Санхүүгийн зардал цэвэр дүнгээр 13.9 сая фунт стерлинг байсан нь өмнөх оны 37.6 сая фунт стерлингээс нэлээд буурсан үзүүлэлт аж.
2025 оны наймдугаар сард нэр хүндтэй хөлбөмбөгийн санхүүгийн блоггер Swiss Ramble өрийн жагсаалтад Everton болон Tottenham Hotspur клубуудыг Манчестер Юнайтедээс дээгүүр байрлуулсан. Гэхдээ тэд шинэ цэнгэлдэх хүрээлэн барихын тулд зээл авсан байдаг.
Харин Юнайтед шинэ цэнгэлдэхийнхээ санхүүжилтийг хэрхэн шийдэхээ хараахан зарлаагүй байгаа бөгөөд уг төсөл 2 тэрбум фунт стерлингээс давж магадгүй. Иймээс клуб хоёр жил оролцоогүй UEFA Champions League-т эргэн орохыг эрмэлзэж буй шалтгаан эндээс тодорхой харагдана.
Тайлант хугацаанд нийт орлого 190.3 сая фунт стерлинг байсан бөгөөд арилжааны орлого 8%-иар буурч 78.5 саяд хүрсэн. Харин цалингийн зардал 9%-иар буурч 75.1 сая фунт стерлинг болжээ.
Хоёр жилийн өмнө клубын 29%-ийн хувьцааг авснаас хойш Сэр Жим Рэтклифф зардал танах томоохон арга хэмжээнүүд хэрэгжүүлж, хоёр удаагийн цомхотголоор 450 ажлын байрыг цөөлсөн. Мөн ажилчдын олон хөнгөлөлт, тухайлбал үнэгүй хоолны газар зэрэг хангамжийг зогсоосон. Клубын эх сурвалжуудын мэдээлснээр үүний ачаар өгөгдөл, дүн шинжилгээний чиглэлд илүү их хөрөнгө оруулалт хийх боломж бүрджээ.
Санхүүгийн тайланд дасгалжуулагч Рубен Аморимийг чөлөөлөхөд төлсөн нөхөн олговрын талаар дурдаагүй бөгөөд энэ нь тайлант хугацаанаас хойш болсон үйл явдал аж.
Беррада “Бид талбайн гаднах шинэчлэлийн эерэг санхүүгийн нөлөөг зардал болон ашигт ажиллагааг илүү бодитоор харж эхэллээ” гээд “Бид хөлбөмбөгийг нэн тэргүүнд тавьсан бодлогоо үргэлжлүүлж байна. Өнөөдрийн үр дүн манай бизнесийн суурь хүчийг харуулж, эрэгтэй, эмэгтэй багуудаа хамгийн сайн спортын амжилтад хүргэхийн төлөө ажиллаж байгаагаа баталж байна” гэж мэдэгдэв.