
Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн данс улайж, улсын эмнэлгүүдийн эм, тариа тасалдаж, өвчтөнөө хүлээн авах боломжгүй болсон. Яаралтай бус хагалгаанууд хойшлогдож, эрүүл мэндийн салбар санхүүгийн хямралд орсныг салбарын сайд нь онцолсон. Тэгвэл өнөөдөр энэ нөхцөл байдал улам хүндрэн эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлахаа өчигдөр мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт тэд хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодит нэмэгдлийг шаардан Сүхбаатарын талбайд суулт хийсэн ч төр, засгаас тодорхой шийдвэр гаргаагүй. Иймд тэд өчигдрөөс суултаа зогсоож, өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн.
Энэ хүрээнд, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дараах мэдэгдлийг хийсэн. Эмч нарын төлөөлөл “Эмч нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөө жагсаж байгаа. Засгийн газрын зүгээс 15 хувиар нэмнэ гэх зүйлсийг ярьж байна. Энэ хувиар нэмэх бол 200.000 төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг. Бид үүний төлөө жагсаагүй. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжуулдаг гэж хэлдэг. Гэвч энэ бол нэр төдий зүйл. Гүйцэтгэлийн санхүүжилтэд хязгаар тавьсан. Энэ бол иргэд, эмч нарт аюул, заналхийлэл бий болгож буй зүйл” хэмээн мэдээлэл хийсэн юм.
Үүнээс гадна эмч нар халдвартай, хортой нөхцөлд ажилладаг байхад эмнэлгийн иж бүрэн нормын хувцсыг нь ч бүрэн хангаж өгдөггүй. Зөвхөн өмд, цамц л өгдөг. Харин гутал буюу углаашийг нь эмч, сувилагч нар өөрөө цалингаараа авдаг гэж шүүмжилсэн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уг асуудалд дараах мэдэгдлийг хийсэн байдаг. Тэрээр“ Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 саяас ч дээш гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд бид эхний ээлжид эрүүл мэндийн салбарын үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр санал өгсөн. Одоо УИХ-ын төсөв, байнгын хороод энэ хувиас ч дээш нэмэхээр ажиллаж байгаа. Энэ асуудалд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ нь эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн асуудал одоо УИХ-ын мэдэлд очсон гэсэн үг. УИХ-ын гишүүдээс олон санал гарч байгаа" хэмээн мэдээлсэн.
Гэвч салбарын сайдын энэ саналыг эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхан хүлээж авахаас татгалзсан. Учир нь тэд өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ өөрсдийгөө дайчилсаар ирсэн. Харин энэ хүрээд тэвчээр тасарч байгаагаа илэрхийлээд үр дүнд хүрэх хүртлээ ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн билээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв таван жилийн дотор 1.3 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг хүртэл өссөн. Гэвч энэ өсөлт иргэдийн үйлчилгээ, эмнэлгийн чанарт туссангүй. Харин эсрэгээрээ энэ хугацаанд өр төлбөр нэхэмжлэл нэмэгдэж, сан улайж, салбар өрийн дарамтад орсон нь хяналт, хариуцлагын сул тогтолцооны үр дүн болж илэрсэн.
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв:
УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын 2025 оны төсвийг батлахдаа орлогыг 2.464 их наяд төгрөг, зарлагыг 2.242 их наяд төгрөгөөр баталсан. Гэтэл өнөөдөр энэ сан орлогоосоо давсан зарлага гаргаж 2025 оны есдүгээр сарын байдлаар 167 тэрбум төгрөгийн өртэй болоод байна. Үүний нөлөөгөөр гүйцэтгэлийн санхүүжилтэд хязгаар тавьж, бүх нийтийн эрт илрүүлгийг бүр мөсөн зогсоогоод буй. Уг нь эрүүл мэндийн салбар тэр дундаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал сандаа хяналттай, хязгаарлалттай хандсан бол өнөөдөр нөхцөл байдал ийм дээрээ тулахгүй байсныг иргэд, эмнэлгийн салбарынхан шүүмжилж буй. Салбарынхны хэлснээр, сангийн алдагдлын гол шалтгаан нь мөнгөний урсгалын хяналтгүй байдал, эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй шийдвэр, зохицуулалтгүй зарцуулалт зэрэгтэй шууд холбоотой гэдгийг ил тод илэрхийлсэн.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл
Хэрвээ даатгалын сан өргүй байвал ирэх 2026 онд цалингийн хэмжээг 30-40 хувь нэмэгдүүлэх боломжтой. Одоо нэмэгдэж байгаа 15 хувь бол үндсэн цалингийн нэмэгдэл болж эмч, сувилагчид дээр очиж байгаа. Үндсэн цалин нэмэгдэхээр дагалдах цалин болон жижүүрийн хөлс, ажилласан жил, зэргийн нэмэгдэл нэмэгддэг. Ирэх оноос дунджаар 400-800 мянган төгрөг эмч, сувилагч нарын цалин нэмэгдэж гарт нь очно. Үүнээс үүдэж ЭМД болон гүйцэтгэлийн санхүүжилтийн өртгийг зөв тооцох, эмнэлгүүдэд санхүүгийн эрх чөлөөг олгож байгаа. Нөгөөтэйгөөр ажилдаа хариуцлагагүй ханддаг, төсвийн мөнгийг шамшигдуулдаг, эмч ажилчдын цалинг нэмэх боломжтой мөнгөөр худалдан авалт хийдсэн нь тогтоогдсон эмнэлгийн дарга нарт хариуцлага тооцож байгаа. Судлаад үзэхэд эрүүл мэндийн салбарт энэ мэтчилэн олон асуудал байна.
Учир нь сангийн өр төлбөртэй холбоотойгоор хяналт, шалгалт хийхэд ЭМД-ын сан энэ оны эхний найман сарын байдлаар хувийн эмнэлгүүдэд 160 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг аль хэдийнэ шилжүүлсэн байсан аж. Харин улсын эмнэлгүүдэд санхүүжилтыг нь олгоогүй, хүлээлгэд оруулсанаар нөхцөл байдал ил болсон байна. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хэлж байгаагаар “Нэхэмжлэлийг хянаж чаддаг тогтолцоогүйгээс болж баахан өр шир гарсан. Он гараад 316 тэрбум төгрөгийн өр дарсны 54 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийнх байсан. 2025 онд хувийн хэвшилд 165 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт өгөхөөр байсан боловч наймдугаар сард өгөөд дуусчихсан. 9, 10 дугаар сард 220 тэрбум төгрөгийн өр үүсэх бодлого явж байсныг Сангийн яамтай яриад зогсоосон” хэмээн Засгийн газрын хурал дээр ярисан юм.
Ийнхүү энэ мэт олон өр төлбөр, хууль бус зүйлс сангийн салаагаар урсаж, “цоорхой шанага” шиг болсон хойно нь дарга нар хашгиралдаж байх зуур, үүний төлөөсийг эмч нар хөдөлмөрөөрөө, иргэд эрүүл мэнд, цаг хугацаа, амь насаараа төлж сууна.