
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээнтэй холбогдуулан томоохон гудамж, автозамын хөдөлгөөнд өөрчлөлт орохоор болжээ.Тодруулбал, үйлчилгээний 53 чиглэлд 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байгааг Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Дүнжингаравын зам болон хойд, урдаасаа орж ирж байгаа гудамж замууд хаагдах учраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд өөрчлөлт оруулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан гол чиглэлүүд Их тойруугаар хөдөлгөөнд оролцох юм. 06:00-18:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Мөн хугацаанд дээрх чиглэлийн нийтийн тээвэр өөрчлөгдсөн маршрутаар явах бөгөөд цагийн хязгаарлалт дуусаны дараа үндсэн чиглэлээр явж эхлэх юм. Мөн нийтийн тээврийн чиглэл заасан апплейкшн дээр М-1/Ма гэж гэсэн байдалтай оруулж өгнө. Иргэд МА гэсэн бичигтэй байвал нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон гэж ойлгож болох юм.