
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 5000 тонн жинтэй тэнгисийн цэргийн устгагч хөлгөөс “стратегийн далавчит пуужин” харвах туршилтыг биечлэн удирдсан гэж төрийн хэвлэл мэдээлжээ.
Тэрээр лхагва гараг(2026.03.04)-т далайгаас газрын бай руу чиглэсэн пуужин харвах туршилтыг Choe Hyon-class destroyer хөлгөөс хянаж, уг туршилтыг шинэ байлдааны хөлгийн гол чадварын нэг гэж үнэлсэн байна.
Ким энэ хөлгийг “тэнгисийн хамгаалалтын шинэ бэлгэдэл” гэж тодорхойлжээ. Тэрээр мөн ижил ангиллын буюу түүнээс илүү хүчин чадалтай олон байлдааны хөлөг үйлдвэрлэх шаардлагатай гэж хэлсэн бөгөөд тэнгисийн цэргийн хүчин цөмийн зэвсгээр зэвсэгжих үйл явц урагшилж байгаа гэж мэдэгдсэн байна.
Ким “Манай тэнгисийн цэргийн усан доорх болон усан дээрх довтолгооны хүчин хурдтай өснө. Тэнгисийн цэрэгт цөмийн зэвсэг нэвтрүүлэх ажил хангалттай сайн урагшилж байна” гэж хэлжээ.
Тэрээр энэ мэдэгдлийг баруун хэсэгт байрлах Нампо Шипяард усан онгоцны үйлдвэрт хийсэн байна.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр Умард Солонгос “стратегийн” гэсэн нэр томьёог ашиглах үед энэ нь ихэвчлэн цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай зэвсгийг илэрхийлдэг.
Умард Солонгос олон жилийн турш цөмийн зэвсэг болон цэргийн хүчийг нэн тэргүүнд тавьж ирсэн бөгөөд энэ нь АНУ болон БНСУ-ын шахалтыг эсэргүүцэхэд шаардлагатай гэж тайлбарладаг.
Ким Жон Ун 2011 онд удирдагч болсноосоо хойш цэргийн хүчинд онцгой анхаарахын зэрэгцээ улсын архаг ядуурлыг бууруулахын тулд эдийн засгийг бэхжүүлэх зорилтыг давхар онцолж ирсэн байна.