
Та нэг найздаа мөнгө зээлүүллээ гэж бодъё. Гэтэл найз тань хэлсэн хугацаандаа мөнгөө өгөлгүй сураг тасарч, хэд хоногийн дараа “мартчихаж” гэсээр гарч ирвэл дараагийн удаа түүнд итгэх үү.
Үгүй болов уу. Тэгвэл банк яг л үүнтэй адил зээлдэгчдийн “Амласандаа хүрдэг үү” гэдгийг шалгадаг бөгөөд үүнийг тоонд шилжүүлснийг кредит оноо гэж нэрлэдэг.
Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Монгол Улс зээлийн “хар жагсаалт” гэх хуучин тогтолцоог халж, зээлдэгчийг кредит оноонд суурилсан шинэ системээр дүгнэдэг болсон. Тухайлбал өмнө нь иргэн зээлээ хугацаанд нь төлөхгүй удаан хугацаагаар хоцроовол “хар жагсаалт”-д бүртгэгдэж, банк болон ББСБ-аас дахин зээл авах үүд хаалга нь олон жилээр хязгаарлагддаг байв. Харин шинэ системийн гол өөрчлөлт нь хүнийг нэг удаагийн алдаагаар бүхэлд нь “муу зээлдэгч” гэж ангилах бус, санхүүгийн зан төлөвийг нь нийтэд нь үнэлж, зээлжих зэрэглэлийн оноогоор тодорхойлох боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал, тухайн хүнийг олон улсын жишиг болох 300-аас 850 хүртэлх FICO оноогоор үнэлэх бөгөөд оноо өндөр байх тусам таны санхүүгийн “эрүүл мэнд” сайн байгааг илтгэх аж.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван
Өмнө нь зээлийн муу түүхтэй иргэдийг шууд жагсаалтаас хасдаг хатуу систем үйлчилж байсан бол одоо зээлжих чадварыг динамикаар, оноогоор үнэлдэг болсон. Хэрэв таны оноо буурсан бол эргэн төлөлтөө тогтмолжуулах замаар оноогоо бодит хугацаанд шууд сайжруулах боломжтой.
Энэ нь зээлээ хугацаандаа төлдөг эсэх, хэдэн удаа хоцорсон, өр орлогын харьцаа, өмнөх зээлийн түүх, идэвхтэй зээлийн тоо зэрэг олон мэдээллийг нэгтгэн тооцоолох зарчмаар ажилладаг байна. Нэг үгээр энэхүү онооны систем нь зөвхөн банкуудад мэдээлэл өгөөд зогсохгүй, тухайн хүн мөнгөө хэр хариуцлагатай удирдаж байгааг, орлогын хэмжээнээс илүүтэй хардаг гэсэн үг юм.
Зарим хүн өндөр орлоготой хэр нь эргэн төлөлтөө тогтмол хоцроодог бол, нөгөө хэсэг нь дундаж орлоготой ч санхүүгээ тогтвортой удирдаж чаддаг. Тиймээс банк зээлдэгчийн кредит оноог харахдаа ердөө хоёрхон асуултад хариулт хайдаг. Нэгдүгээрт, энэ хүн мөнгөө буцааж төлөх хариуцлагатай юу. Хоёрдугаарт, төлөх бодит чадвартай юу гэдгийг л хардаг байна. Үүнээс хамгийн чухал нь санхүүгийн сахилга бат бөгөөд бага орлоготой ч төлбөрөө тогтмол төлдөг хүн өндөр орлоготой хэр нь хайнга ханддаг нэгнээс хавьгүй “эрүүл” зээлийн түүхтэй байдаг аж.
Олон улсын FICO системийн хувьд ч эргэн төлөлтийн түүх нь нийт онооны 35 хувийг бүрдүүлдэг.
FICO оноог бүрдүүлдэг таван гол хүчин зүйл:
Төлөлтийн түүх (35%): Хамгийн чухал хэсэг. Зээл, лизингийн төлбөрөө ганц ч хоног хоцроохгүй төлж байсан эсэхийг хэмжинэ.
Ашиглалтын харьцаа (30%): Танд байгаа зээлийн эрхийнхээ (жишээ нь кредит карт) хэдэн хувийг ашиглаж байгаа вэ гэдэг үзүүлэлт. Лимитээ тулгахгүй, 30%- иас хэтрүүлэлгүй ашиглах маш чухал юм.
Зээлийн түүхийн хугацаа (15%): Та санхүүгийн байгууллагуудтай хэр удаан харилцаж байна вэ гэдгийг харна. Анхны зээлээс хойш хугацаа өнгөрөх тусам та илүү туршлагатай, найдвартай зээлдэгч болж харагдана.
Шинэ зээл (10%): Богино хугацаанд олон газар зээлийн хүсэлт гаргаж, оноогоо шалгуулах нь “яарсан, тэвдсэн” сэтгэгдэл төрүүлж, оноог бууруулах эрсдэлтэй байдаг.
Зээлийн төрөл (10%): Байрны ипотекийн зээл, хэрэглээний лизинг, зээлийн карт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хослуулан (Credit Mix) зөв ашиглаж чаддаг байх нь таныг санхүүгийн олон талын хариуцлагатайг илтгэж оноог бүрдүүлэхэд нөлөөлдөг аж.
Кредит онооны системд нэг удаагийн хоцролт хүртэл бүртгэгддэг. Шинэчилсэн Зээлийн мэдээллийн тухай хууль болон Монголбанкны журмаар таны арилжааны банк, ББСБ-аас авсан зээлээс гадна гар утас, интернэтийн төлбөр, цахилгаан, дулааны мөнгө, кредит картын төлбөр, лизинг, бүр “Одоо аваад дараа төл” буюу Storepay, Pocket гэх мэт зээлийн үйлчилгээний түүхүүд хүртэл оноонд нөлөөлдөг болсон. Товчхондоо, таны өдөр тутмын санхүүгийн бүх харилцаа зээлжих зэрэглэлийн оноог тань тодорхойлж буй. Гэтэл бид ихэвчлэн банкны зээлээс бусад жижиг төлбөрүүдэд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ жижиг төлбөр, хоцролт бүр нь тухайн хүний санхүүгийн “намтарт” тэмдэглэгдэн үлддэг аж. Ялангуяа 30, 60, 90 хоногоос дээш хугацааны хоцролт нь банкны мэргэжилтнүүдийн нүдэнд өндөр “эрсдэлтэй зээлдэгч” гэсэн улаан дохио болж харагддаг байна.
Үүнээс гадна банк зээлдэгчийг зөвхөн хугацаа хэтрүүлсэн эсэхээр дүгнээд өнгөрдөггүй. Харин тухайн хүн мөнгөө хэрхэн удирдаж байгааг бүхэлд нь хардаг аж. Жишээ нь, цалин орж ирээд хэдхэн хоногийн дараа данс нь хоосордог уу, эсвэл орлогоо төлөвлөж, өрөө зохистой хэмжээнд барьж чаддаг уу гэдэг хүртэл зээлийн түүхээс харагддаг байна. Санхүүгийн салбарт үүнийг “Credit mix” буюу зээлийн бүтэц гэж нэрлэдэг. Энэ нь тухайн хүн ямар төрлийн зээлүүдийг хэр оновчтой хослуулан ашиглаж байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. Тухайлбал, зөвхөн хэрэглээний аппаас жижиг, жижиг зээл авч амьдардаг хүнээс илүүтэйгээр ипотекийн, сургалтын эсвэл бизнесийн зээлээ тогтвортой төлж чаддаг хүнийг банк илүү найдвартай гэж үздэг байна. Учир нь санхүүгийн салбарт зээлийг үр ашгаар нь сайн ба муу гэж хоёр янзаар ангилдаг.
Сайн зээл: Ипотек, сургалтын төлбөр эсвэл бизнесийн зээл гэх мэт таны үнэ цэнийг нэмэгдүүлж, ирээдүйд орлого авчрах хөрөнгө оруулалтын шинжтэй зээлүүд.
Муу зээл: Зээлийн аппликейшн, кредит карт, “Одоо аваад дараа төл” зэрэг зөвхөн өдөр тутмын хэрэглээгээ аргацаасан, үнэ цэн нь хурдан буурах зүйлсэд зарцуулдаг зээлүүд юм.
Энэхүү ялгааг илүү тодорхой болгохын тулд ижил орлоготой хоёр хүний жишээг харьцуулж үзье. Жишээ нь, эхний зээлдэгч цалингаа хүргэхгүй үедээ апп-аас апп дамжин жижиг зээл авч, сарын төгсгөлөө аргацаахын зэрэгцээ кредит картаараа үнэ цэн нь хурдан буурах сүүлийн үеийн гар утас, үнэтэй хувцас зэрэг “хэрэгцээгүй” зүйлсийг зээлээр авсаар өрийн тойрогт ордог. Харин хоёр дахь зээлдэгч орлогоо төлөвлөж, урт хугацааны зорилгодоо зориулан ипотекийн зээл төлөх эсвэл сургалтын төлбөрөө зээлээр шийдэж, шинэ ур чадвар эзэмшиж байдаг. Дээрх хоёр хүн аль, аль нь өртэй байгаа ч банкны нүдээр харахад тэдний зорилго тэс өөр. Тухайлбал, эхний хүн сар бүр мөнгөний асуудлаа өрөөр нөхөж, зөвхөн өнөөдрийн хэрэглээгээ томруулж байгаа бол, нөгөө хүн ирээдүйн орлогоо өсгөх бодит хөрөнгө босгож яваа хэрэглэгч юм. Тиймээс санхүүгийн байгууллагууд зөвхөн “хэр их зээлтэй вэ” гэдгийг бус, “ямар зээлтэй вэ” гэдгийг давхар үнэлдэг аж.
Эцэст нь хэлэхэд, зээл гэдэг бидний боддог шиг үргэлж дарамт, асуудал болдоггүй. Харин тэрхүү зээл таныг амжилтын шат руу дээш татаж байна уу, эсвэл өрийн тойрог руу доош чангааж байна уу гэдгийг ялгаж салган, ирээдүйн боломжоо зөв таних нь хамгийн чухал ажээ.