
Хотын түгжрэлд хамаг цагаа бардаг нийслэлийнхний хувьд скүүтер, мопед, унадаг дугуй хөлөглөх нь хамгийн амар хийгээд хугацаа хэмнэсэн сонголт.
Гэсэн хэдий ч дэд бүтэц, зохицуулалтгүй орчинд дураараа давхих эдгээр цахилгаан хэрэгсэл явган зорчигчдын амар тайван алхах эрхийг зөрчөөд багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь, дүрэм журамгүй, тусгайлсан замгүйн улмаас жолоодогчдод ч, явган алхаж буй иргэдэд ч аюултай, эмх замбараагүй нөхцөл байдал үүсгээд буй. Тухайлбал, эдгээр цахилгаан хэрэгслээс үүдэлтэй гэмтэж бэртсэн иргэдийн тоо сүүлийн жилүүдэд асар хурдан өссөн нь статистикаас тод харагдана. Улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Жил бүр бүртгэгдсэн тохиолдлыг харвал, 2022 онд нийт 50 тохиолдол байсан бол 2023 онд энэ тоо 305 болж өсжээ. Харин 2024 оны байдлаар 532 болж, өмнөх оноос 74.4 хувиар нэмэгдсэн байна. Тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан бол 2025 оны эхний зургаан сард дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикль, мопед гэх мэт тээврийн хэрэгслээс үүдэлтэй 3146 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт. Ослын дийлэнх шалтгаан нь хөдөлгөөний тодорхой зохицуулалтгүй байдал, хамгаалах хэрэгсэлгүй зорчих, хурд хэтрүүлэх, явган хүний замыг тээврийн хэрэгслийн зорчилтод ашиглах зэрэгтэй холбоотой байжээ.
Скүүтер хотын төвөөр хяналтгүй зорчиж, осол аваарын тоо огцом өсөж эхлэхтэй зэрэгцэн хотын удирдлагууд энэ асуудалд анхаарал хандуулсан юм. Тухайлбал, иргэдийн шүүмжлэл, гомдол нэмэгдсэнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирэх жилээс эхлэн скүүтер, суррон, мопед зэрэг цахилгаан тээврийн хэрэгслийг явган хүний замаар зорчуулахгүй байх талаар мэдэгдсэн. Тэрээр “НИТХ-аар тогтоол гаргаж, эдгээр хэрэгслийг зөвхөн замын хажуугийн 50 сантиметрийн зурвас дотор зорчуулах зохицуулалт хийнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, явган хүний замаар нэг ч скүүтер явуулахгүй байх чиглэлд зохицуулалт хийнэ гэж амалсан. Үүний дараа НИТХ-аас мөн скүүтер, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй байх, зориулалтын бүс, замаар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээг зөвхөн 16 нас хүрсэн иргэнд үзүүлэх, энэ хүрээнд E-Mongolia болон Dan системтэй хамтран ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар мэдээлж байв. Гэвч эдгээр мэдэгдэл, чиглэлүүд өнөөдрийн байдлаар бүрэн албажаагүй, эрх зүйн тодорхой зохицуулалт бүрдээгүй байгаа аж.
Хуульч Ө.Жамбалсүрэн
Явган хүний замаар нэг ч скүүтер явуулахгүй гэж хориглох гэж байгаа Х.Нямбаатарын захирамж хууль зүйн үндэслэлгүй. Энэ хүнд ямар ч хууль тогтоох эрх байхгүй.
Хуулийн шатанд зөвхөн УИХ-ын гишүүн П.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж буй. Иймд хууль батлагдаж, бодит зохицуулалт хэрэгжих хүртэл энэ асуудал тодорхой шийдэлгүй хэвээр үргэлжлэх нь энэ жил тодорхой болжээ.
Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд явган зорчигч давуу эрхтэй байдаг. Учир нь, тэд автомашин унаж түгжрэл үүсгэж, агаар орчныг бохирдуулдаггүй. Тийм ч учраас явган хүний зам, гарц зэргийг хүнээ боддог улс орон дээд зэргээр анхаардаг. Гэтэл Улаанбаатар хотод энэ байдал эсрэгээрээ. Мопед, унадаг дугуй, скүүтер зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зам байхгүйгээс шалтгаалан тэд явган хүний замаар хяналтгүй зорчих нь нэмэгдэж, дээр дурдсан олон эрсдэлийг бий болгосоор байна. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэл уг асуудлыг үндсэн дэд бүтцээр шийдэхээс илүүтэй зогсоол байгуулах тал дээр түлхүү анхаарч буй. Тухайлбал, өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтерийн зогсоол байгуулсан бол энэ жил Их тойруу дотор 300 байршилд 6000 орчим зогсоол байгуулахаар төлөвлөж байгааг албаныхан танилцуулжээ.
Харин хөдөлгөөний зохицуулалтын хувьд холбогдох байгууллагууд цахилгаан тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, бүртгэлийн асуудлыг шийдэх чиглэлд ажиллаж байгаа аж. Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын хувьд L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэлд хамаарах учраас толь, гэрэл, тормоз зэрэг шаардлагыг хангуулах, улмаар дугаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч албажаагүй шийдвэр, зориулалтын замгүй нөхцөлд мянга мянган скүүтерийн зогсоол байгуулж, бүртгэлжүүлсэн ч асуудал шийдэгдэхгүй хэвээр.
Угтаа бол төр, захиргааны байгууллагууд энэ бүх зөвшөөрлийг олгохоосоо өмнө дэд бүтэц гэдэг хамгийн суурь асуудлаа шийдсэн байх ёстой байв. Ямар ч улс орон шинэ төрлийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа эхлээд “хаагуур явах вэ” гэдгийг нь тодорхойлж, замаа бэлддэг. Гэтэл манайд эсрэгээрээ, зорчих замгүй хотод мянга мянган скүүтер, мопедыг шууд үйлчилгээнд нэвтрүүлсэн нь явган зорчигч болон хэрэглэгчдийг хооронд нь мөргөлдүүлж, аюултай нөхцөл байдлыг өөрсдөө гардан бүтээсэн хэрэг. Одоо харин энэ бүх асуудлаа цэгцэлж шинэ төрлийн тээврийн хэрэгслийг зөв гарцаар шийдэх нь чухал.
Олон улсын жишгийг харвал хотууд цахилгаан скүүтер, дугуйн хэрэглээг дэмжихдээ хамгийн түрүүнд тусгайлсан хөдөлгөөний орчныг бий болгодог. Европын олон хотод скүүтер, дугуйн хөдөлгөөнийг явган хүний зам, автомашины урсгалаас тусгаарласан дугуйн тусгай зурвас, тодорхой хурдны хязгаар, гэрэлтүүлэг болон замын тэмдэг, тэмдэглэгээний стандартаар зохицуулдаг. Ингэснээр явган зорчигч, автомашин, хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоорондоо зөрчилдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Харин Азийн зарим өндөр зохион байгуулалттай хотууд энэ асуудлыг илүү нарийн хяналттай шийдсэн байдаг. Тухайлбал, Сингапурт цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнд хурдны дээд хязгаар, ашиглах бүс, хамгаалах хэрэгслийн шаардлага зэргийг хуульчилж, зөрчил гаргасан тохиолдолд өндөр торгууль ногдуулдаг. Мөн Токио зэрэг хотод цахилгаан мопед, дугуйг бүртгэл, техникийн шаардлага, хөдөлгөөний тодорхой бүсээр зохицуулж, иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг байна. Гэтэл манайд ердөө хэдхэн сантиметрийн зурвас дотор зорчихыг тушааж, явган хүний замаас буухыг сануулах төдий мэдэгдэл хийхээс цааш ахисангүй.
Эцсийн дүндээ асуудал скүүтерт биш, харин түүнийг хэрхэн зохицуулах бодлого, дэд бүтэцгүй байгаад оршиж байна.
Хэрэв хот үнэхээр хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих гэж байгаа бол хамгийн түрүүнд хаагуур зорчих вэ, ямар дүрмээр хөдөлгөөнд оролцох вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Харин явган замыг явган зорчигчдод л үлдээх хэрэгтэй билээ.