
"Оптимал Эн Макс" ХХК-иас хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа"-гаа олон нийтэд танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хот, баруун, зүүн, хангай, төвийн бүс болон гадаадад амьдарч буй 18-аас дээш насны хүн амыг төлөөлөхүйц 5001 иргэнийг хамруулжээ.
Уг судалгаа нь Монгол хүний сайн сайхан байдлыг нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин, хувийн сайн сайхан байдал гэсэн найман хүчин зүйлээр үндэсний хэмжээнд анх удаа хэмжсэн суурь судалгаа гэдгээрээ онцлог.
Судалгааны онцлох үр дүнгүүдээс
-Сайн сайхан байдлын найман хүчин зүйлийг нэгтгэн үзэхэд судалгаанд оролцогчдын 30.6 хувь нь сайн, 45.7 хувь нь дунд, 23.6 хувь нь сул түвшинд байв.
-Ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал хамгийн өндөр үзүүлэлттэй буюу оролцогчдын 59.9 хувь нь сайн түвшинд байгаа гэж үнэлжээ.
-Судалгаанд оролцогчдын ердөө 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдал сайн түвшинд байгаа бол 44.8 хувь нь байгаль орчны нөхцөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.
-Монголчуудын сайн сайхан байдлын түвшинд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйлийг тодруулахад эдийн засаг (37.9 хувь) болон улс төр (26.1 хувь) давамгайлж байна. Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, эдийн засгийн дарамтгүй амьдрах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг оролцогчид онцолсон байна. Харин улс төртэй холбоотой хүчин зүйлсийн хувьд төрийн бодлого, хууль хэрэгжилт, авлига, шударга бус байдал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг асуудлыг сайн сайхан байдалд нелөөлж буй чухал хүчин зүйлс гэж үзжээ. Үүнтэй зэрэгцэн хөдөлмөр эрхлэлт, орлого, хадгаламж, өр зээл зэрэг санхүүтэй холбоотой үзүүлэлт нь хүний сэтгэл зүй, бие махбод гэх мэт бусад 7 сайн сайхан байдалд чухал нөлөө үзүүлдэг нь харагджээ.
-Хоёр хүн тутмын 1 нь амьдарч буй орчин нөхцөл нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн ба 10 хүн тутмын 6 нь байгаль орчны асуудалд ихээхэн санаа зовдог. Гэсэн хэдий ч 10 хүн тутмын 9 нь орчноо сайжруулахад өөрөө хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг гэжээ.
-Нийгэмд нэгдэх буюу нийгмийн нэг хэсэг гэж мэдрэх мэдрэмж хамгийн өндөр бол нийгмийн хөгжилд итгэх итгэл хамгийн сул.
-Сошиал медиа гүйлгэх, бичлэг үзэх зэргээр зарцуулсан цаг нэмэгдэх тусам хүний сайн сайхан байдал буурах хандлагатай байна.
-Судалгаанд оролцогчид өөрийн амьдралыг эергээр үнэлсэн ч монголчуудын сайн сайхан байдлыг сул байна гэж үзжээ.
Сайн сайхан байдлын найман хүчин зүйл бүгд хоорондоо эерэг хамааралтай байсан бөгөөд аль нэг хүчин зүйл нэмэгдэхэд бусад сайн сайхан байдал ч мөн нэмэгддэг байна. Тус судалгаа нь монгол хүний сайн сайхан байдлыг цаашид тогтмол хэмжиж бодлого, хөтөлбөртөө тусгах, илүү сайжруулах гарц, шийдлүүдийг олох, нөхцөл байдлыг үнэлэхэд ашиглах суурь мэдээлэл гэдгийг судлаачид хэллээ. Мөн цаашид хийгдэх судалгаа, үнэлгээний үр дүнг харьцуулах замаар монгол хүний сайн сайхан байдалд гарч буй ахиц, өөрчлөлтийг хэмжих суурь үзүүлэлт болох ач холбогдолтойг ч хэллээ. Монгол хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаа, шийдэл, хамтын ажиллагааг дэмжих "Well-being Mongolia Forum 2026" аравдугаар сарын 13-ны өдөр болох бөгөөд энэ үеэр дээрх судалгааны тайланг хэвлэмлээр түгээх юм.