
Детектив зохиолын хатан хаан хэмээгддэг Агата Кристи энэ өдөр төржээ. Тэрээр 68 орчим детектив роман, олон зуун өгүүллэг, жүжиг туурвиж, XX зууны хамгийн их уншигдсан зохиолчдын нэг болсон юм.
Кристигийн зохиолуудын гол хүч нь “Хэн алуурчин бэ?” гэсэн асуултад бус, уншигчийн анхаарлыг зориудаар төөрөгдүүлж, эцсийн мөчид бүх үйл явдлыг өөр өнцгөөс харахад хүргэдэг зохиомжид оршдог.
AND THEN THERE WERE NONE
Кристигийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “And Then There Were None” романд биесээ огт танихгүй 10 хүн эзгүй арал дээр цугларч, тэдний хүн бүр өнгөрсөнд нуусан нууц, үйлдсэн гэмээ эрнэ. Тэднийг урьсан эзэн нь огт харагддаггүй ч удалгүй хүмүүс нэг нэгээрээ учир битүүлгээр амиа алдаж эхэлнэ.
Зохиолын онцлог нь уншигч өөрөө үйл явдлын дунд орж, алуурчныг таах шаардлагатай болдогт оршино. Кристи энэ бүтээлээрээ тусгаарлагдсан орчин, айдас, гэм буруу, шударга ёсны тухай ойлголтыг нэг дор зангидаж чаджээ.
MURDER ON THE ORIENT EXPRESS
Эркюль Пуарогийн хамгийн алдартай хэргүүдийн нэгийг өгүүлдэг уг романд Европыг чиглэн явж байсан “Orient Express” галт тэрэг цасанд саатах үед зорчигч Самуэл Рэтчетт бүхээгтээ алагдсан байдаг. Хаалга нь дотроосоо түгжээтэй, галт тэрэг хөдөлгөөнгүй болсон тул алуурчин гадагш гарах боломжгүй мэт харагдана.
Пуаро зорчигч бүрийн мэдүүлэг, өнгөрсөн амьдрал, хоорондын холбоог судалснаар хэргийг тайлах бөгөөд романы төгсгөлд гэмт хэргийн тухай уншигчийн төсөөллийг эрс өөрчлөх шийдэл гарч ирдэг.
THE MURDER OF ROGER ACKROYD
1926 онд хэвлэгдсэн энэ роман Кристигийн зохиолын ур чадварыг хамгийн тод харуулдаг бүтээлүүдийн нэг. Английн жижиг тосгоны нэгэн чинээлэг эрхэм болох Рожер Экройд амиа алдсанаар үйл явдал эхэлж, Эркюль Пуаро хэргийг мөрдөнө. Гэхдээ уг романы гол шугам нь зөвхөн гэмт хэргийн тайлал бус, мэдээллийг уншигчид хэрхэн хүргэж байгаа өгүүлэмжийн арга юм.
Кристи уншигчийн итгэж буй зүйл, зохиолд гарч буй бодит явдал хоёрын хооронд зориуд зөрүү үүсгэж, детектив зохиолын “шударга тоглолт” гэх уламжлалт ойлголтыг сорьсонд байдаг. Тус бүтээл нь Пуарог гол дүр болгосон Кристигийн гурав дахь роман бөгөөд өнөөдөр ч түүний хамгийн нөлөө бүхий зохиолуудын нэгээр тооцогддог.
DEATH ON THE NILE
Тус романд Египетийн Нил мөрөн дээр аялж буй усан онгоцны зорчигчдын дунд гарсан аллагыг мөн Эркюль Пуаро мөрддөг. Гаднаас нь харахад аялал, тансаг байдал, хайр дурлалын харилцаа давамгайлсан мэт боловч зорчигч бүрийн өнгөрсөн амьдрал, атаархал, хөрөнгө мөнгө, харилцааны зөрчил аажмаар ил гарч эхэлдэг.
Ийнхүү Кристи хаалттай орчны детектив зохиолын зарчмыг Египетийн аяллын орчинтой хослуулсан юм. Тус роман нь Кристигийн Ойрхи Дорнод, археологийн экспедицүүдтэй холбоотой туршлагаас сэдэвлэсэн бүтээлүүдийн нэг байв.
THE MURDER AT THE VICARAGE
1930 онд хэвлэгдсэн “The Murder at the Vicarage” бол Кристигийн Мисс Марпл хэмээх алдарт дүр гардаг анхны роман. Английн Сент-Мэри-Мид хэмээх жижигхэн тосгоны ламын гэрт хурандаа Протеро алагдсанаар үйл явдал эхэлж, гаднаа нам гүм мэт санагдах тосгоны оршин суугчдын нууц амьдрал ил болж эхэлнэ.
Мисс Марпл албан ёсны мөрдөгч бус боловч хүний зан чанар, атаархал, худал хуурмагийг ажиглах гайхалтай чадвараараа хэргийг тайлахад гол үүрэг гүйцэтгэдэг. Кристи Мисс Марплийн дүрээр гэмт хэргийг зөвхөн баримт, ул мөрөөр бус хүний мөн чанар, өдөр тутмын харилцааг ажиглах замаар тайлж болохыг харуулсан юм.