Иран улс хууль бус цагаачдыг гаргах ажиллагааны хүрээнд зарим иргэдийг “Израилын тагнуул” гэх үндэслэлээр нутаг буцааж байгаа нь олон улсад шүүмжлэл дагуулаад байна. Тэд сүүлийн саруудад 1.5 сая орчим Афганистан иргэнийг улс орноосоо албадан гаргажээ.

Ираны эрх баригчдын мэдэгдсэнээр, тэд аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан гэж буй ч хүний эрхийн байгууллагуудын мэдээллээр, виз болон оршин суух зөвшөөрөлтэй иргэд ч албадан гаргах ажиллагаанд өртсөн гэв. Мөн зарим хүмүүст хүч хэрэглэж хөөсөн, эд зүйлсийг нь хураан авсан үйлдлүүд гарч байгаа гэнэ.

Израил, Ираны сөргөлдөөн гарсны дараахан Тегеран ийм аргаар олон нийтийн дургүйцлийг дарах, буруутныг хайхаар оролдож байна гэж тус ажиллагааг шинжээчид үзэж байна.

Уг ажиллагаа нь зөвхөн Иранд төдийгүй, бүс нутгийн хэмжээнд хүндрэл учруулах төлөвтэй. Одоогоор өдөрт  50,000 гаруй хүн Иранаас гаргаж байгаа ч Афганистанд эдгээр иргэнийг хүлээн авах боломж хомс байгааг НҮБ анхааруулжээ.