
Улс болгонд уран донгодогчид бий. Гэвч тэднийх цөөхүүл, манайх олуул.
Хийж байгаа ажил, гаргасан шийдвэр бүр нь тахиаг дуурайж эсвээс тахианы өмнөөс донгодох үүрэгтэй л болж хувирчээ. Нийгэмд халтай ийм уран донгодогчдын оройд он гарснаас хойш Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин тодроод байна.
Библийн домогт Есүс Христийг баривчлах үед хамгийн ойрын шавь болох Петр нь “Би түүнийг танихгүй” гэж гурвантаа хэлдэг. Яг тэрхүү мөчид тахиа донгоддог билээ. Үүнээс улбаалан азарган тахиа өглөөг зарлаж нэг донгодвол алдар бадрах сайны шинж, харин гурав донгодвол муугийн дохио гэх нь бий. Түүн лугаа адил А.Амартүвшин орлогч нийслэлчүүддээ гурав донгодож үзүүллээ. Тэгэхээр ер сайны дохио биш гэсэн үг.
“Өвчнийг хүндэрсэн хойно нь илрүүлэх бус урьдчилан сэргийлж, эрүүл иргэнийг бий болгоход багаас нь анхаарах нь чухал юм” хэмээх зөв боловч олон нийтийн хэрэглээ болсон өгүүлбэрийг эш татан нийслэлээс хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгөхдөө мөнөөх л улиг болсон “ирээдүй хойч” гэх тодотголыг хүүхдүүдэд хүчээр өмсгөж орхив. Тийнхүү “Эхний ээлжид бид сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болгох зорилт тавьсан. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээр явж хеликобактерийн шинжилгээг НЭМГ-аас авна. Дараа нь сургууль, цэцэрлэгүүд дээр ариутгал хийдэг болно” гэвэй.
Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байна хэмээн хөөрцөглөх сүрэг олон. Гэвч үнэндээ уг ажлыг хийж гүйцэтгэх явц болоод эцэст нь гарах эерэг үр дүнгийн баталгаа алга. Хеликобактер нь хүний ходоод, хоол боловсруулах эрхтэнд үрждэг.
Амьсгал, агаар дуслын замаар халддаг уг өвчнөөс сургуулийн орчинд ариутгал хийснээр сэргийлнэ гэвэл бухын доодохыг харж үнэ турж үхнэ гэгчийн үлгэр болно.
Дээрээс нь зөвхөн хүүхдүүдээс бус хамтран амьдрагсад, асран хамгаалагчид гээд ер нь бол нийслэлчүүдээс, товчоогоор орж гарагсад гээд нийт хүн амаа шинжилгээнд хамруулахгүй бол эрсдэл байсаар л байна.
Энэ төрлийн эрүүлийг хамгаалах гээд байгаа бол нийгэм даяар, хүүхдүүдийн аав, ээж, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн мэдлэг, нийтийн хоолны газрын стандартыг мөрдүүлж хэвших зэрэгт чиглэсэн арга хэмжээ авахгүйгээр ариутгалын бодис, төхөөрөмж, шинжилгээний “шахаа” хийгээд ямар ч нэмэргүй. Гэвч хүн хэдэн наснаас уг бактерийг тээж эхэлдэг, хаанаас, хэнээс авч байгаа вэ гэдгийг судлахгүйгээр үр хүүхдийнх нь эрүүл мэнд гэсэн үгээр халхавчилсан энэ уран донгодогчид хэчнээн төгрөг урсгаж, хэдийг халааслахыг бид мэдэхгүй. Харин баттай мэдэх зүйл гэвэл тэр мөнгө нь бидний халааснаас гарна.
“Сурагчид нэгнээ доромжлох, хүчирхийлэх, цахимаар дээрэлхэх зэрэг үйлдэл гаргавал сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ. Ингэснээр цаашид их сургуульд суралцах, гадаадад тэтгэлэгт хамрагдахад хүндрэлтэй болно” хэмээн ээлжит донгодолтоороо орлогч А.Амартүвшин бараг л сүрдүүлэг хийв.
Юманд учир, суманд гичир буйг ойлгодог зарим нэг хүмүүс Жорж Оруэллийн “1984” хэмээх зохиолын үйл явдал өрнөдөг дарангуйллын нийгмийг бидэнд тулгаж байна хэмээн сэртэсхийжээ. Нээрээ ч нийгмийн хууль журмаа ийм болгоод байвал тоталитар юухан ч байхав.
Үнэндээ Монголын боловсролын салбар утгаараа уналтад орсон. Тогтолцоо, системийн ямар ч дорвитой өөрчлөлт гараагүй. Гэтэл одоо бүх зүйлийг ухамсартай үйлдэж сураагүй, төлөвшөөгүй хүүхдүүдийг зөв зам руу хөтлөх бус шууд гудамжинд хөөж гаргах журмыг нийслэлийн эрх баригчид маань боловсруулчихсан сууна. Бүр ажил хэрэг болгоно гээд олон нийтэд тулгаж, зарлаж байна.
Төлөвшөөгүй хүүхдүүдийн алдаан дээр нь дөрөөлж, цахимаар нэгнээ доромжилсны төлөө сурах, боловсрох эрхийг нь хааж гудамж руу хөөгөөд гаргачихвал ирээдүйд гарах төлөөс нь ямар байх талаар хэн ч бодсонгүй.
Тэгэхээр тэд иргэдээ, нийгмээ бодсон шийдвэр гаргаж байна уу гэвэл шуудхан хэлэхэд үгүй.
“Иргэд автобусаар зорчин, түгжрэлийг бууруулахад шууд бусаар хувь нэмэр оруулбал, алхвал, дугуй унавал оноо авна” гэж нийслэлийн удирдлагууд мэдээлсэн. Алхвал оноо авна. Мэл гайхаж, цэл хөхөрсөн иргэдийн шүүмжлэлд А.Амартүвшин дахин ээлжит донгодолтоороо ийнхүү хариу барив.
“Иргэд төрийн оролцоонд идэвхтэй хандвал үүнийг нь бид урамшуулдаг байя гэж шийдсэн. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 1500-аас 2000 алхдаг. Гэтэл ДЭМБ-ын зөвлөмжөөр хүн дунджаар 15 000 алхах ёстой. Иймээс иргэдийнхээ идэвх, эрүүл мэндэд нь анхаарч алхахыг уриалсан. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хот болгохыг л уриалж байгаа санал юм”.
Ажил хэрэгч дарга нар маань хэн, хэн өдөрт хэчнээн удаа алхаж, хэн нь машин барьж түгжрэл үүсгээд байгаа талаар судлаад чухам гайхалтай санаа олжээ. Бүр болоогүй цуглуулсан оноогоороо СӨХ, цахилгаан, ус, дулааны төлбөрөө төлөх боломжтой гэв. Нохойг хоосон хонуулж болохгүй, угаадас ч болов долоолгох учиртай гэдэг шиг л байгаа биз. Үүнийгээ “Ногоон оноо” гээд нэрлэчихсэн. Иргэд ногоон байгууламж, таатай амьдрах орчин нөхцөл бүрдүүлж өгөхийг олон жил нийслэлийн үе үеийн удирдагчдаас шаардсан. Харин дарга нар үүний хариуд бидэнд ногоон оноо өгөхөөр болов. Чухамдаа оноо олгох систем, аппликейшн, шинэ журмыг хэрэгжүүлэх дата бааз байгуулах мөнгө төсөвлөж, мөнөөхөөсөө ахиухан хүртэж, амьтны фермын гахай болох хүсэлдээ улайрсан тэд явган хүний замгүй, хүүхдийн тэрэг түрж зорчих зохистой орчин бүрдүүлээгүй атлаа иргэд цөөн алхдаг гэх зэргээр буруугаа дахиад л бусад руу чихэж сууна.
Нийслэлийн удирдагчид нэгэнтээ хөдөлмөрийн үнэлэмжийг улс төрийн оноо цуглуулах хэрэгсэл болгож тоглосон.
Үр дүнд нь салбар бүрт эрсдэлийн улаан дохио ассан. Тэр дохио өдгөө боловсрол, эрүүл мэндийн салбарт ч асаалттай хэвээр бий. Гэвч товчлуур дарж унтраах хүн алга. Үнэндээ шийдвэр, шийдэл бүр нь иргэдийн санал хүсэлт дээр суурилсан гэж тэд мэлзээд байгаа. Тэгвэл ерөөсөө энэ хотод иргэн ч тэр, тэдний санал хүсэлтээ хүргүүлдэг төр ч алга байна. Зөвхөн өөрсдийгөө энэ хотын С.Зориг мэтээр ярьсан уран донгодогчид л бий.