
Алдарт дуучин Селин Дион дөрвөн жилийн өмнө ховор төрлийн мэдрэлийн эмгэгийн улмаас тоглолтуудаа цуцалсан билээ. Тэгвэл тэрээр ирэх намар Парис хотноо тоглолтоо хийх болсноо зарлав. Селин Дион өнгөрсөн даваа гарагт тохиосон 58 насны төрсөн өдрөөрөө "Энэ амьдралынхаа хамгийн сайхан бэлгийг би хүлээж авна. Бие минь эрүүл саруул байгаа. Та бүхний хайр, хүндлэлд маш их баярлалаа. Би хүчтэй байна. Удахгүй энэ намар тоглолтоо хийж, та бүхэнтэй уулзах болно. Маш их сандарч, догдолж байна" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Парис хотын гудамжаар Селин Дионы дууны гарчигтай зар сурталчилгаануудыг түгээж эхэлсэн юм. Постер тавигдсаны дараа Селин Парист тоглолт хийх тухай шуугиж эхэлсэн нь ийнхүү батлагдлаа.
Селин Дион 2024 онд Парисын олимпын нээлтийн ёслолын үеэр дуулсан билээ. Үүний дараа хүмүүс түүнийг удахгүй эргэн ирж магадгүй гэж таамаглах болсон байна. Түүний тоглолтын тасалбарын урьдчилсан борлуулалт дөрөвдүгээр сарын 10-нд эхэлнэ.