
АНУ Ормузын хоолойд орших Ираны Ларак аралд цохилт өгч, Техран хариу арга хэмжээ авснаар даваа гарагт газрын тосны үнэ 2 хувиар өслөө. Дэлхийн жишиг Брент хольцын фьючерс үнэ 2.21 ам.доллароор буюу 2.51 хувиар өсөж, нэг баррель нь 90.31 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI маркийн тос 1.83 ам.доллароор буюу 2.19 хувиар өсөж, 85.23 ам.доллароор арилжаалагдаж байна.
АНУ-ын зэвсэгт хүчин ням гарагт Ормузын хоолой дахь Ларак арал дээрх Ираны хоёр пуужин харвагчид цохилт өгсөн юм. Энэ нь долоодугаар сарын төгсгөлөөс хойш тус улсын эсрэг хийсэн АНУ-ын анхны агаарын довтолгоо болж буй. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, Исламын хувьсгалт харуулын корпус уг цохилтын хариуд Йордан дахь АНУ-ын агаарын хоёр бааз руу халдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний гол төв болох Харг арлыг бут цохиж байна хэмээн мэдээлсэн ч тус арал халдлагад өртсөн гэх нотолгоо хараахан гараагүй байна. Зөрчилдөөнийг зохицуулах хэлэлцээр мухардалд ороод байгаа бөгөөд зургаан сар үргэлжилж буй энэхүү мөргөлдөөний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэр саатсан хэвээр байна.