
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр Оюутолгойн экспортод саад учруулж байгаа хүмүүсийг үйлдлийг таслан зогсоохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга нарт өгсөн. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Нэг өдрийн 4.3-5 тэрбум ам.долларын орлогыг тасалдуулж байна. Энэ мөнгө хүүхдийн мөнгө, цалин, тэтгэврийн эх үүсвэр болж улсын төсөвт ордог. Тиймээс Монголын ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлөх гэмт үйлдэл хийж байна.
Мөн орон нутгийн болон улсын чанартай авто замыг хааж байгаа нь хуулийн тодорхой хариуцлагатай үйлдэл.
Халзанбүрэгтэй төслийг бүрэн зогсоогоогүй. Манай яамны Хяналт хэрэгжүүлэх бүтцээс очиж төсөл хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хэд хэдэн зөрчил илэрсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутагтай гэрээ байгуулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй байсан.
Хоёрдугаарт, хайгуулийн үеийн нөхөн сэргээлтээ хийгээгүй байсан. Энэ нөхөн сэргээлт ямар чухал вэ гэдгийг өнгөрсөн сард бяцхан охины амиар харлаа. Халзанбүрэгтэй төсөл дээр энэ мэт зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоосон. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид эдгээр зөрчлөө арилгаж тайлагнах ёстой. Үүний дараа үйл ажиллагааг нь нээх шийдвэр гаргана" гэв.