
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах, ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрнь хоорондоо харилцан уялдаа бүхий гурван томоохон төслөөс бүрдэж байгаа юм. Энэхүү гурван төслийн нэг болох жилд 18 сая метр куб ус дахин боловсруулах хүчин чадал бүхий Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн хажууд барьсан бөгөөд энэ долоо хоногт Улсын комисс хүлээн авчээ. Улмаар ирэх даваа гаригт албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Тус үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг дахин боловсруулж, боловсруулсан усаа ДЦС III, IV-т нийлүүлэх юм. Цахилгаан станцууд дахин боловсруулсан усыг үйлдвэрлэлдээ ашигласнаар цэвэр усны хэрэглээ буурна. Учир нь, одоо дээрх хоёр цахилгаан станц нь хөргөх болон үнсээ зайлуулах үйл ажиллагаандаа цэвэр ус ашигладаг юм.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлсэн өгөөд үйлдвэрийн барилга байгууламжууд болон үйлдвэрээс цахилгаан станцууд хүртэл шугам хоолой татах ажлыг хийж гүйцэтгээд байна. Цаашдаа зөвхөн цахилгаан станцууд төдийгүй олон үйлдвэр, аж ахуйн газруудад дахин боловсруулсан ус нийлүүлнэ хэмээн төлөвлөж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойгоор бүтээн байгуулжээ.
