Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш, судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монголбанк 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн бариад, хэлэлцүүлж байна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд, хохирол багатайгаар даван туулна гэх тодорхойлолт орж ирсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монголбанкны энэ жилийн мөнгөний бодлогын ерөнхий зорилгыг их зөв болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэлтгэх гэх зэрэг нааштай өгүүлбэрүүд бий. Тэгэхээр хохирол багатайгаар гэдэг маань чухам юу вэ гэсэн асуудлыг бид сайн ойлгох ёстой юм. Зорилгын хувьд зөв байна. Харин энэ зорилгыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бид илүү тодруулж харах ёстой.
-Мөнгөний бодлогын төсөл дээр инфляцыг найман хувьд барина гэж тусгасан?
-Өмнө нь инфляц өндөр байх үед бид гол зорилтот төвшин найман хувь гэх тайлбарыг Монголбанк хийдэг байсан. Инфляц найман хувьтай байхад Монгол Улсын эдийн засагт бусад тохиргоо хийгдэх нөхцөл болно гэдэг байсан. Энэ зорилт гурав, дөрвөн жилийн өмнөөс явж ирсэн зүйл. Инфляц харьцангуй буурахтай зэрэгцээд тэр зорилтоо буулгаад долоон хувь болгосон. Харин одоо эргээд найман хувь руу хандана гэхээр магадгүй эргэж харах ёстой юм болов уу. Хоёрдугаарт, бид бага инфляц буюу богино хугацаанд дефляцтай байгаа байдлаа эерэгээр харж байна уу, сөргөөр харж байна уу гэдэг асуудал. Тэгэхээр инфляцын зорилтыг би эргэж харах ёстой гэж үзэж байгаа. Бага инфляцыг би хувьдаа сайн зүйл гэж харж байгаа учраас 2017 онд өмнөх шигээ найман хувь гэдэг өндөр тоо руу явах шаардлагагүй.
-Гэхдээ Монголбанк үүнийг тайлбарлахдаа “Эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал олон байгаа учраас бодлогын өргөн хүрээтэй орон зайтай байхын тулд” гэж байсан?
-Энэ бас үнэн. Монголбанкнаас яг тодорхой инфляцыг шаардах нь сайн зүйл биш. Яагаад гэвэл мөнгөний ханшийн уналт, инфляцын түвшин, валютын ханш, нөөц гэх зэрэг Монголбанкны бие даан шийдэж чадахгүй асуудал олон бий. Тийм учраас Засгийн газрын үйл хөдлөл, гадаад орчин, хөрөнгө оруулалт зэргийг ажигласан болгоомжтой зорилтыг тавьж байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ л бид 2017 оноо тодорхой харахыг хичээх ёстой. Өөрөө хэлбэл, ирэх ондоо инфляцыг найман хувь гэж чөлөөтэй тавьж өгөх нь арай л их тойм байна.
Валютын ханш сүүлийн гурван жилийн дотор 40-50 хувиар өсчихөөд байна. 2013 онд 1380 орчмоос эхэлсэн ханш 2300 төгрөгийг давчихлаа. 2013 оны огцом өөрчлөлтийг эс тооцвол сүүлийн жилүүдэд ханш аажмаар өсч байгаа.
-Монголбанкнаас валютын ханшид ямар байдлаар оролцох вэ гэх асуудал үргэлж анхаарлын төвд байдаг. Монголбанкны зүгээс ханшийн уян хатан дэглэмийг баримтална гэдэг. Гэсэн хэдий ч улстөрчдийн зүгээс Монголбанк ханшаа барих ёстой гэх шүүмжлэл өрнөсөөр л байна. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Та нэгэнт улстөрчдийн хувьд гэж асуусан учраас мөнгөний бодлого буюу Монгол Улсын эдийн засгийг битгий улстөржүүлээч гэж улстөрчдөөс хүсмээр байна. Тэгэхээр Монголбанкны үндсэн үүрэг төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Валютын ханштай холбоотой зохицуулалтууд ч бас Төв банкны тухай хуульд бий. Валютын нөөцийг хэвийн хангах, валютын зохицуулалтуудыг хангах гэх зэрэг. Гэсэн хэдий ч бид өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлаа бодитойгоор нь харах ёстой. Монголбанк өмнөх жилүүдэд ч бас “Валютын ханш эдийн засгийн суурь нөхцөлтэйгөө нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтална” гэж зааж ирсэн. Үүнээс ч өөр аргагүй. Монголбанк өнөөдрийн Монголын валютын ханшийн асуудлыг дангаар шийдэж чадахгүй. Тэгэхээр улс төрийн талынхан буюу Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй. УИХ-аас Монголбанкийг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн ямар төсөл, хөтөлбөр, бодлогын шинэчлэл хийж чадах юм бэ гэдгийг бид хүлээх ёстой. УИХ үнэхээр томоохон төслүүдийг хөдөлгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг зөв зүйлүүдийг хийж, Засгийн газар эдийн засгийг сэргээх, өрийн дарамтаас гарах үйлдлүүдээ зөв хийвэл Монголбанкны ачаа харьцангуй хөнгөрнө. Тийм учраас валютын ханшийн асуудлыг дан ганц Монголбанк руу түлхэх боломжгүй. Монголбанк төгрөг хэвлэж чадна. Доллар хэвлэж чадахгүй. Долларын нөөц Монголбанкны үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй. Дийлэнх нь улс орны эдийн засгийн суурь нөхцөл байдал, Монгол шиг орны хувьд уул уурхайн салбар, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаарч байдаг.
-Нөгөө талаас Монгол шиг улсын хувьд ханшаа уян хатан тогтоох нь эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулах ач холбогдолтой гэдэг шүү дээ?
-Валютын ханш сүүлийн гурван жилийн дотор 40-50 хувиар өсчихөөд байна. 2013 онд 1380 орчмоос эхэлсэн ханш 2300 төгрөгийг давчихлаа. 2013 оны огцом өөрчлөлтийг эс тооцвол сүүлийн жилүүдэд ханш аажмаар өсч байгаа. Хэрвээ 2013 оноос хойш ханшийг хүчээр барих үйлдэл хийсэн бол өнөөдөр эдийн засагт огцом шок орж ирэх байсан. Жишээ нь, тухайн үед ханш хөдөлж эхлэхэд 1500 төгрөг дээр ч юм уу хүчээр барих гэж оролдсон бол өнөөдөр ханш маш богино хугацаанд огцом өсч, энэ нь эдийн засагт хүчтэй савлагаа үүсгэхээр байлаа. Монгол шиг өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй, ихэнх бараа, бүтээгдэхүүнээ гаднаас авдаг улсын хувьд ханш сул байх нь хохиролтой гэж би үздэг. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаа харвал зөөлөн газардуулах буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд ханшийн өөрчлөлтөд аажмаар дасгах хувилбар нь зөв юм. Цаашдаа бид валютын ханшийн дарамтаас ангижирсан, зөв эдийн засгийн бүтэцтэй болох ёстой.
-Энэ жилийн мөнгөний бодлогын төсөлд Монголбанк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, тэр дундаа валютын спот зах, валют арилжааны нэгдсэн платформтой болох зорилт тусгагдсан.
-Төв банкны мөнгөний бодлогод орж ирсэн шинэ зүйлийн нэг нь. Монгол Улсын иргэд валютын ханшийг харахаараа “Найман шарга” гэдэг захыг хардаг. Гэтэл Монгол Улсын нийт валютын эргэлтийн голлох цэг нь тэнд явагддаггүй. Валют “Найман шарга”-аас гадна маш олон шугамаар явж байгаа. Тэр бүгдийг нэг цэгт төвлөрүүлэх, бодит ханшийг тогтоох чиглэлд хөгжүүлэх нь зөв. Тэгэхгүй болохоор ханшийн талаар янз бүрийн хардлагууд байдаг. Банкууд ханшийн зөрүүн дээр тоглоод, ашиг хийгээд байна гэх ч юм уу. Эсвэл “Найман шарга” дээр цөөн хэдэн хүн валютын ханшийг богино хугацаанд нь өөрчлөх боломжтой болсон гэх хандлага ч байна. Энэ гаж тогтолцоог засахад энэ их чухал.
Монголд төсөв, мөнгөний бодлогын уялдаа нь Засгийн газар Монголбанкны хамтын ажиллагаа болж хувирчихаад байгаа нь хамгийн буруу. Өмнөх Засгийн газрын үед Засгийн газар Монголбанктай хамтарсан олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.
-Жилийн жилд төсөв мөнгөний бодлогын уялдаа хэр хангагдаж байна вэ гэх асуулт гарч ирдэг. Таны харж байгаагаар өнөөгийн нөхцөлд төсөв, мөнгөний бодлогын уялдаа хэр төвшинд байна вэ?
-Монголд төсөв, мөнгөний бодлогын уялдаа нь Засгийн газар Монголбанкны хамтын ажиллагаа болж хувирчихаад байгаа нь хамгийн буруу. Өмнөх Засгийн газрын үед Засгийн газар Монголбанктай хамтарсан олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ нь маш буруу. Төсөв, мөнгөний бодлогын уялдаа гэж юуг хэлэх вэ гэхээр төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” гэсэн зүйл заалт орсон. Үүнийг яаж харах вэ гэхээр Засгийн газар нь хийх ёстой ажлаа хийдэг, Монголбанк нь бас хийх ёстой ажлаа хэн нэгнээс хамаарахгүйгээр хийж чаддаг байх асуудал юм болов уу гэж харж байгаа. Яг үүнтэй холбогдуулаад хэлэхэд, энэ жилийн Мөнгөний бодлогод “Төв банкны бие даасан хараат бус байдлыг сайжруулна” гэсэн заалт орж ирсэн. Энэ бол бидний 26 жил хийж чадаагүй зүйл. Үүнийг хийж чадвал мөнгөний бодлогын бусад зорилтоосоо илүүтэй цаашдаа мөнгөний бодлого бие даасан, зөв болох чиглэлд маш чухал заалт.
-Засаглал, бие даасан хараат бус байдлыг сайжруулах талаар тодруулж асууя. Цаашдаа Төв банкны бие даасан байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж та үздэг вэ?
-Төв банкны тухай хуульд тодорхой өөрчлөлт хийх боломжтой. Төв банкны Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг томилох томилгооны асуудал. Тэдгээрийг бүрэн эрхийн хугацаагаа дуустал бүрэн ажиллах боломжоор хангах, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах гэх мэтчилэн. Төв банкны хуулиар Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилж байгаа. Гэвч өнөөгийн нөхцөлд Монголбанкны ерөнхийлөгч яг л сонгуультай адилаар дөрвөн жилээр томилогдоод байна. Тэгэхээр Төв банкны бие даасан, хараат бус байдлыг эрх зүйн түвшинд сайжруулах боломжтой. Нөгөөтэйгүүр өнөөгийн мөрдөгдөж буй хуулиар Төв банк болон Засгийн газар хоорондын үйл ажиллагааны зааг, ялгааг харьцангуй сайн зааж өгсөн. Гэвч хуулийн хэрэгжилт тал дээр хангалттай бус байгаа нь Төв банкны бие даасан байдлын судалгааг хийж байхад харагдаж байсан. Төв банкны боловсрон хүчний бодлого, мөнгөний бодлогод улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг бага болгох хэрэгтэй. Төв банк бие даасан бодлоготой байх ёстой. Гэтэл Монгол Улсын мөнгөний бодлогыг батлах тогтоолуудыг харахад төслийн түвшин болон УИХ-аас батлагдсан төвшин нь хоорондоо өөрчлөгдөх тохиолдол маш их байдаг. Тэгэхээр мөнгөний бодлого баталж байгаа процессыг ч бас эргэж харах ёстой. Үүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгчийг хэн томилох вэ гэдэг асуудал ч бас чухал. УИХ томилж байгаа өнөөгийн үйл явц дэлхийн жишгээр бас тийм ч сонгодог, шилдэг хувилбар биш.