УИХ, Засгийн газрын гишүүн асан Лу.Гантөмөр “Албан тушаал тойрсон фракц бүлэглэлүүдээс татгалзсан, нэгдмэл, нээлттэй, үзэл бодолдоо үнэнч Ардчилсан намын төлөө #Би_Ардчилсан_намын_гишүүн Challenge”-ийг санаачлан эхлүүлж буйгаа зарласан. Тэрээр өчигдөр энэ хүрээндээ “АН-ыг шинэчлэх шийдэл” сэдвээр намынхаа гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийг чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн асан М.Батчимэг ажилласан. Энд нэг зүйлийг онцлоход, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, М.Батчимэг нар АН доторх “Нэг ардчилал” фракц татан буугдсанаа өнгөрсөн сард албан ёсоор зарласан. Уг шийдвэр нь Ардчилсан нам доторх бүлэглэл, фракцийн эрх ашиг, амбицаас намаа ангижруулж, шинэчлэлийг бодитоор өрнүүлэх санаачилгын эхлэл гэдгийг тэд мэдэгдсэн билээ.

Хэлэлцүүлэгт 100 орчим хүн ирсэн байсны ихэнх нь “Нэг Ардчилал” фракцад харьяалагддаг залуус байсан. Тэд гурван цаг гаруйн хугацаанд намын шинэчлэлийн талаар санаа бодлоо уралдуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогсодын яриаг хүргэж байна.

Л.Эрхэмбаяр: Бид хуралдаж чадахаа больсон

/АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/

-Манай нам ҮЗХ-ны хурлаа хийж чадахаа байлаа. Ирц хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, ирц хүргэдэг хүмүүс нь хуралдаад хойшлуулчихдаг. Ардчилсан нам жинхэнэ генсектэй нам биш. Гэхдээ би хэнээс ч намайг жинхлээд өгөөч гэж гуйгаагүй. Сая орон нутгийн сонгуулийн ерөнхий менежрээр Д.Эрдэнэбат ажилласан. Тэр үед би бүх данс тооцоог Д.Эрдэнэбатад хүлээлгэж өгөөд оролцохгүй гэдгээ хэлсэн л дээ. УИХ-ын сонгуулийн үеэр маш хэцүү байсан. Тал талаас мэргэн бөөдий нар оролцоод, ажил хийлгэхгүй хүнд байсан. Манай нам УИХ-ын сонгуульд 13, орон нутаг 31 хувийн санал авсан. УИХ-ыг бодвол орон нутагт арай дээр санал авсан.

Өнгөрсөн хугацаанд намын Гүйцэтгэх зөвлөл хоёр удаа хуралдсан. Бид намын шинэчлэлийн талаар боловсруулсан бүх хүний дүрмийн төслийг авсан. Л.Гантөмөрийн ярьж буй зүйл бол философи талаасаа шинэ зүйл биш.

ҮЗХ хүн ярьдаг бодлого ярьдаггүй газар болчихжээ. Намын даргын эрх мэдлийн төлөө л тэмцэлддэг газар болж хувирсан байна. Одоо ҮЗХ-д хүний асуудал ярьдаг байдлыг хязгаарлая. Намын даргыг сунгаагаар эсвэл Их хурлаас томилдог болъё. Өөрөөр хэлбэл, яаж сонгох вэ гэдгийг бас шийдэх цаг болжээ.

ҮЗХ одоо дунд шатны намын байгууллагаас сонгодог багцын байгууллага болсон байна. 2000 оных руугаа буцаад оръё гэх саналтай хүмүүс нэлээд байна лээ.

Үүнээс гадна бүртгэлийн асуудал чухал байна. Нам дээр ийм албатай, аймаг бүрт бүртгэл хариуцсан ажилтантай болъё. Сая орон нутгийн сонгуулиар 2-3 намын гишүүнчлэлтэй хүмүүс гарсан. Үүнийг цэгцэлмээр байна.

ҮЗХ-ны хурлыг энэ сарын 16-нд хуралдуулахаас өмнө намын дүрмийн саналыг нэгтгэх ажил хийнэ.

А.Ганбаатар: Судлаач нар үнэгүйдсэн он жилүүд байлаа

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/

-“Нэг Ардчилал” фракцад байхад зовлон байсан. Би 2000 оноос өмнө аль нэг даргын “тамгагүй” явсныгаа жаргал гэж боддог. Манай нам өнгөрсөн 26 жилийн хугацаанд хоёр удаа бүтэн ялсан. Бид фракцлахаар бол улс орны эрх ашгийн төлөө байдаг баймаар байна. Мөн хоббигоороо нэгддэг байж болно шүү дээ. Жишээ нь, би гэхэд хөлбөмбөг сонирхдог. Хөлбөмбөг сонирхогч, номын хорхойтнууд, судлаачид гээд хоббигоороо нэгдэж болно. Судлаач нар үнэгүйдсэн он жилүүд байлаа. Тэд ярих гэхээр үгийг нь сонсохгүй, дарга нар  нь өөрсдөө яриад асуудлыг хуйвалдааны зарчмаар шийддэг байв. Тиймээс одоо манай нам хүний эрхийг дээдэлдэг, өмчийг хамгаалдаг нам байх ёстой. Сая Л.Гантөмөр манайхан цаашид яах вэ гэдгээ ярихгүй дөрвөн жилээ яриад байна гэж хэлж байна. Бүгдээрээ хэлэлцдэг, ярьдаг, сонсдог нам байх ёстой. Ард түмнээ сонсоё.

С.Цэндсүрэн: АН ялагдсанд би их баяртай байгаа

/Увс аймгийн Засаг дарга асан/

-Ардчилсан нам ялагдсанд би үнэхээр их баярласан. Бүр овоо доо гэж бодсон. Манай нам ялсан бол өдийд алингаа алдах байсан. Хорьдог, цагддаг, албан тушаалд улайрдаг байдал улам гаарах байлаа. Институц хоорондын зовлон Монголын төрийн зовлон болсон байна.

2000 онд бид намын дүрмээ баталж, 2001 онд ҮЗХ-ны гишүүдээ бүрдүүлж байлаа. Энэ удаа зөвхөн намын шинэчлэлээр хязгаарлагдаж болохгүй. Нэг ялагдсан намын шинэчлэгдэх  хурал ард түмэнд ямар хамаатай юм. Энэ ажил АН-ын аль нэг суманд амьдарч байгаа жирийн гишүүнд ямар ч падлийгүй зүйл.

Ардчилсан нам ялагдсанд би үнэхээр их баярласан. Бүр овоо доо гэж бодсон. Манай нам ялсан бол өдийд алингаа алдах байсан. Хорьдог, цагддаг, албан тушаалд улайрдаг байдал улам гаарах байлаа.

АН хариуцлагагүй нам болсон. Өмнөх ҮЗХ-ны хурлыг Л.Эрхэмбаяр болиулчихсан шүү дээ. Яасан гэхээр твиттер дээр хэдэн үг бичээд хойшлуулчихсан. Түүнийг ҮЗХ-ны гишүүн би гэхэд мэдээгүй интернэтээс харж байх жишээтэй.

АН ялагдахад Монголын төрийг ойлгомжгүй болгосон хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Төрийн гурван өндөрлөг, Л.Эрхэмбаяр, Баттулга, Баярцогт  нар хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

Н.Алтанхуяг даргын үед ҮЗХ-г хуралдуулах гэхээр өөрөө огцорчихно гээд айгаад хуралдуулдаггүй байсан бол З.Энхболдын үед фракциуд тохирчихдог болсон. Тал талд ресторанд хоолонд уриад зохицуулчихдаг байсан шүү дээ. Намын даргыг сум бүрээс хүн дэвшүүлж, хамгийн өндөр санал авсан хүн нь болох ёстой. ҮЗХ-ны гишүүд дуртай үед хуралд суудаг, бусад үед нь алга болдог байж болохгүй. Үнэхээр өвчтэй зовлонтой байсан бол актаа авчирч өгдөг баймаар байна.

АН-ыг итгэл төгс удирддаг хэн нэгэнтэй хуйвалддаггүй, залуу үеийн төлөөлөлтэй ажиллаж чаддаг, ахмад үеийнхнийгээ үгийг сонсч чаддаг тийм даргатай болох ёстой.

Д.Пүрэвдаваа: ҮЗХ-ны гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгье

/Баянзүрх дүүргийн Засаг дарга/

-Манай нам өнгөрсөн сонгуульд ялагдсан шалтгааны 80 хувь нь дотоод зохион байгуулалтгүйгээс болсон гэх судалгаа гарсан байна лээ. Одоо намаа шинэчлэх ажилд орон даяар аймаг, сум, дүүрэгт удирдах алба хашиж байсан хүмүүсийнхээ үгийг сонсоорой.

Сонгууль бүрт сонгогчдын улс төрийн төлөв байдал өөрчлөгдөөд байна. Би дүүргийн АН-ын даргаар зургаан жил ажиллаж байгаа. ҮЗХ-ны гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгье. Намаа шинэчилье гэж байгаа залуусын хөдөлгөөнийнхөнтэй санал нийлэх, нийлэхгүй ч саналууд байна. Одоогийн намын дүрэм бол ялагдсан үеийн мажоритар тогтолцооны үеийнх. Ялсан үеийн дүрэм гэж байгаагүй, гаргаагүй. Одоо туйлшрахгүйгээр дүрмээ өөрчлөөд явах ёстой.

Б.Болор: Фракцийн зовлонг өнгөрсөн дөрвөн жил хангалттай амслаа

/Сангийн сайд асан/

-Фракцийн зовлонг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай амслаа. Хувийн хэвшлээ дэмжихгүй бол АН-ын бодлого МАН-ынхаас ялгарахгүй болно. “Сайн” хөтөлбөрүүд зөв байсан. Харин “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэсээр байтал зүтгүүлсээр байгаад эхлүүлсэн. Энэ нь ард түмэнд таалагдаагүй. Одоо бид хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй.

Манай нам үнэт зүйлдээ үнэнч байх ёстой. Би 2001 онд намд элсч байсан. Намын шинэчлэлийг 100 хувь дэмжиж байна. Цаашид гишүүд, дэмжигчдийн дунд онлайн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй.

Т.Бат-Эрдэнэ: Буруу амбицтай залуусыг би дэмжихгүй

/Нийслэлийн Засаг даргын орлогч асан/

-Би худлаа ярьдаг хүнд дургүй. Сая АН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуу “Гүйцэтгэх зөвлөлд ямар хүмүүс байдаг юм бэ гэж асуусныхаа төлөө би Чингисийн хүрээнд болж байсан хурлаас хөөгдөж гарлаа” гэж бидний өмнө ярилаа. Би үнэхээр гайхлаа. Хөөгдөх нь битгий хэл өдөржингөө хуралд хамт суугаад хоол унд идсэний дараа оройн 19.00 цагийн үед бид хоёр машинаа зэрэг асаагаад хот руу хөдөлсөн. Худлаа ярьдаг хүн ашиг хонжоо харж аливаа ажлыг эхлүүлдэг. Буруу амбицтай залуусыг би дэмжихгүй.

Намын дүрэмд та бүхний хэлээд яриад байгаа санаанууд бүгд бий. Харин үүнийг хэрэгжүүлэхгүй явж ирсэн лидерүүдийн буруу. Та бүхэн өнгөрсөн үе рүүгээ нулимах хэрэггүй. Бид машиныхаа хагарсан дугуйг л нөхдөг болохоос биш дөрвүүлэнг нь нөхдөггүй биз дээ. Түүнтэй адил алдаа оноогоо засаад явъя.

Би ҮЗХ-ны гишүүн болоод 16 жил болж байна. Бид одоо залуу биш, Гантөмөр ч мөн адил. Чадвал хийгээд чадахгүй бол чаддаг зүйлээ хий гэж хэлье даа.