Оюутны цагийн ажлын олдоц, боломжийн талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн дэд захирал М.Болорцогтоос тодрууллаа.
-Оюутнууд цагийн ажил хийх хэр сонирхолтой байдаг вэ?
-Манай байгууллагад хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байдаг. Өдөрт дунджаар 60-80 оюутан цагийн ажилд бүртгүүлэхээр тогтмол ирдэг. Бид сүүлийн үед системдээ өөрчлөлт оруулаад оюутнуудад цагийн ажлын дэвтэр олгож эхэлсэн. Энэ дэвтрийг олгохын тулд эхлээд оюутнууддаа цагийн ажлын талаар сургалт явуулдаг. Тэрхүү дэвтэр нь ажил олгогч байгууллагад тухайн цагийн ажил эрхэлж буй оюутныг найдвартай хүн юм гэдгийг илтгэж өгөх ёстой. Сургалтад суухыг, дэвтэр авахыг, цагийн ажил хийхийг оюутнууд маш их хүсч, сонирхдог.Одоогийн байдлаар 7100 гаруй оюутанд сургалт явуулж, 1900 дэвтэр олгосон.
-Цагийн ажлын олдоц хэр байдаг вэ?
-Цагийн ажил хийх оюутан эхлээд манайд бүртгүүлэх ёстой. Энэ бүртгэл дээр үндэслээд бид гэрээтэй байгууллагын санал болгосон ажлын байранд оюутнуудыг зуучилдаг. Одоогийн байдлаар 500 гаруй ажил олгогчтой гэрээ байгуулан, оюутнуудаа цагийн ажлаар хангаж байна. Өдөрт дунджаар манай залуучуудын хөдөлмөрийн төв биржид 40 орчим ажлын байрны санал тогтмол ирдэг. Мөн судалгаа, сурталчилгаа, борлуулалт, танилцуулга тараах гэсэн ажил олдоц ихтэй. Энэ нь хөнгөн ажлын төвшинд орно. Харин хүнд нөхцөлтэй ажлаас контейнер буулгах, барилгын дараах цэвэрлэгээний ажлын олдоц тогтмол элбэг байдаг.
-Үнэлгээ ямар байдаг вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажлын хүнд хөнгөн гэсэн онцлогоос шалтгаалаад дунджаар нэг цагийн хөлс нь 1100-5000 төгрөгийн үнэлгээтэй байдаг.
-Ажилд зуучлагч байгууллагын хувьд цагийн ажил хийж буй оюутнуудынхаа ажлын аюулгүй байдалд хэрхэн анхаардаг вэ?
-Оюутнууддаа ажлын байрных нь талаарх мэдээлэл, анхааруулгыг өгдөг. Ажил олгогч байгууллагуудтайгаа ихэвчлэн гэрээ байгуулсан учир тухайн ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар сургалт хүртэл явуулдаг. Аюулгүй ажиллагаа зөрчигдсөн тохиолдол нэг их гардаггүй.
-Цаашдаа цагийн ажлын системийг өргөжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авбал зохимжтой гэж та бодож байна вэ?
-Цагийн ажлыг монголд нэвтрүүлж, хөгжүүлэх гээд гурван жил зүтгэлээ. Үүнийхээ үр дүнг өнгөрсөн сард дүгнэж үзсэн. Тэгэхэд 24 мянган оюутныг цагийн ажилд зуучилж, 412 сая төгрөгний цалин өгсөн байна. Үүнээс дүгнээд үзэхэд цагийн ажлыг цаашид хөгжүүлэх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Бусад улсын цагийн ажлын тухай хуулиас судалж үзсний үндсэн дээр манай улс цагийн ажлын талаар хуулиндаа дэлгэрэнгүй, тодорхой заагаад өгвөл илүү үр дүнд хүрнэ гэж боддог.