Бид амралтын өдрүүдэд уншигч танд зориулж, сайхан түүх, мартагддаггүй дурсамж хийгээд амжилтын тухай олон гайхалтай нийтлэл, өгүүллүүдийг хүргэдэг билээ. Харин энэ удаад танд цахим ертөнцийн олон хэрэглэгчийн хуваалцсан нэгэн түүхийг сонирхуулах гэж байна. Үүнийг фэйсбүүкийн хэрэглэгчид "Гайхалтай түүх" хэмээн гарчиглаад олонтаа түгээж байсныг та санаж байгаа биз ээ.
Ингээд шинэ санаа, эерэг мэдрэмж төрүүлэх түүхээрээ аялцгаая :)
#Гайхалтай түүх
Намайг жоохон байхад манай байранд хойд аавтай ганц хүүхэдтэй нэгэн айл байсан юм. Хойд аав нь жолооч. Тээвэрт их явна. Тэр хойгуур нь ээж нь янз бүрийн хүн авчирна. Тэгэх болгондоо хүүгээ хөөж, зодоод гаргана. Олон өдөр орцонд хоносон доо. Сүүлдээ манайд хонодог болсон. Хүүхэддээ хоол унд өгөхгүй тул манайд ирж хоол унд иддэг байсан юм.
Хойд аав нь бас их зодно. 12, 13 настай хүүгээ үеийн охид хүүхдүүдийх нь хажууд өмдийг нь шувтлаад л зоддог байв. Албаар тэгдэг юм уу бүү мэд. Манай аав хойд ааваас нь өмөөрч хоёр ч удаа зодолдсон санагддаг юм.
Тэгээд "Энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8 хүүхэдтэй. 8, 9-ийн ялгаа юу байхав гэдэгсэн. Сүүлдээ аав ээж хоёр нь архинд ороод байраа зараад хаашаа ч юм нүүгээд алга болсон. Бид ч яаж байгаа бол гэж их санаа зовдог байж билээ.
Удалгүй 16 настай хүү нь манайд ирээд ээж нь бурхан болж, хойд аав нь гэрээс нь хөөгөөд асрамжийн газарт хоёр жил болж байгаа тухайгаа ярьсан юм. Тэгээд "Сургуулиас нь хамаатан садны хүн байвал уулзая, хүн авч ир гэсэн" гээд ээжийг "Та очоод уулзаад өгөөч" гээд авч явж байлаа.
Тэгээд л сураг алдарсан даа. Гучаад жилийн дараа бид ээжийнхээ 80 насны ойг нэг том зочид буудлын ресторанд тэмдэглэсэн юм. Тэгтэл тэр өдөр нэг залуу маш том баглаа цэцэг бариад орж ирэв. Сайн хартал өнөөх хүү чинь байна. Хүний нүд булаах сайхан залуу болж өссөн байлаа. Залуу ажлаасаа гарах гэж яваад биднийг хараад ороод ирсэн нь тэр гэсэн. Тэрээр буудлын эзэн нь юм байж таарсан юм.
Гадаадад олон жил сураад тэндээ амьдарч байгаад ирсэн юм билээ. Бага насныхаа амьдралыг ярьж зөндөө л уйлсан. "Ямар гоё юм бэ? Би энэ нулимсыг ямар олон жил дотроо байлгав даа гээд л" уйлж байсан нь санаанаас ер гардаггүй юм.
Хүний амьдрал сонин юм даа гэж би тэр үед бодож байлаа. Тийм ээ, Хүн болгонд боломж байдаг. Хүн хичээвэл юунд ч хүрч болдогийн жишээ энэ юм. Ах дүү хамаатан садан байхгүй ч ийм амжилтанд хүрэхийн тулд олон давааг тэр ганцаараа давж чаджээ.
Эцэст нь, энэ түүх надад "Чиний амьдрал зөвхөн чиний л гарт байдаг" гэдгийг ойлгуулж өгсөн юм.