Пакистан улсын Карачи хотын ойролцоох Ландхи төмөр замын буудалд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 20 хүн нас барж, 65 хүн бэртсэн тухай CNN агентлаг уламжиллаа.
Тус улсын. Зам тээврийн яамны мэдэгдсэнээр, Закариа хурдан галт тэрэг мөргөлдөх үед Фареед галт тэрэг хэдийнэ Ландхи галт тэрэгний буудалд хүрч зогссон байжээ. Закариагийн галт тэрэгний жолоочид шугаманд өөр галт тэрэг зогссон болохыг анхааруулсан ч жолооч тус сингналыг анхаараагүйгээс галт тэрэг зогсож амжилгүй мөргөлдөж, осол гарахад хүрсэн байна.

Хоёр галт тэрэг тус тусын галт тэрэгний буудлаас өглөө бүр 15 минут явж хүрдэг аж. Закариа галт тэрэг 1232 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бол Фареед 1320 хүний хүчин чадалтай гэнэ. Карачи хотын Жинна эмнэлгийн эрхлэгч Сээми Жамали галт тэрэгний осолд өртсөн хохирогчдыг яаралтай хүлээн аван эмнэлгийн тусламж үзүүлж байгаа тухай CNN агентлагт ярьсан байна.
Уг осолтой холбоотойгоор Пакистаны Төмөр замын яамны сайд Хаважа Саад Рафик “Би шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хянаж байгаа. Амиа алдсан хүмүүст гүнээ харамсал илэрхийлж байна” хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард мөн Пакистан улсын Панжаб мужийн Мултан хотоос 25 километрийн зайд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас зургаан хүн нас барж байжээ.