-Нэгэн зэрэг 104 650 хүүхэд “Маамуу нааш ир” дууг дуулжээ-

Гадаа жихүүн хүйтэнд ч олон хүний сэтгэлийг баясган дулаацуулсан нэгэн үйл явдал өнөөдөр Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд боллоо. Энэ үйл явдал бол таны, миний хамгийн түрүүнд дуулж сурсан “Маамуу нааш ир” дууны 60 насны ойд хүндэтгэл үзүүлэх явдал байв.

Монголчууд бидний амьдралд бүтэн нэг жаран дуулагдсаар ирсэн энэхүү дууг Монгол улс даяар өнөөдөр 11:00 цагт 627 цэцэрлэгийн 104650 хүүхэд уг дууг нэгэн зэрэг дуулж, эгшиглүүлжээ.

Харин 12:00 цагт Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөж, энэ дууг бүтээсэн зохиолчийн гэр бүлийнхэн болон уг дууг олны хүртээл болгосон дуучинд хүндэтгэл үзүүлсэн юм.

Цэцэг өргөх хүндэтгэлйин арга хэмжээнд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин Л.Халиунсүрэн, ач зээ нарын хамт хүрэлцэн иржээ.

Мөн Нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д. Эрдэнэсүрэн тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын шавь Ардын жүжигчин Д.Зангад, УГЗ, найруулагч Л.Эрдэнэбулган, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ хүүхдийн дуучин В.Долгор, МУГЖ У.Далантай, МУСГЗ, ОХУ-ын УГЗ, СУИС-ийн Хүндэт профессор Д.Ухнаа  нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэн ааваараа, өвөөгөөрөө, багшаараа бахархсан юм.

-Л.Халиунсүрэн: Би “Маамуу нааш ир” дууны хамгийн анхны сонсогч-

Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Тэгвэл энэ үеэр түүний охин Соёлын тэргүүний ажилтан Л.Халиунсүрэн аавынхаа талаар, “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхийн талаар ийн дурссан юм.

“1956 оны намар аав маань Москвагийн хөгжмийн дээд сургуульд оюутан байхдаа амралтаараа ирлээ. Манайх тухайн үед хашаанд амьдардаг байсан юм. Би хашааныхаа хүүхдүүдтэй тоглодог байж ээ. Хүүхдүүд тоглож байхдаа том хүний дуу дуулаад байхаар нь аав хүүхдийн хоолойд ойрхон, амархан сурчихаар, үг хэллэг нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр дуу зохиох хэрэгтэй юм байна гэж бодсон гэдэг.

Тухайн үед би зургаан настай байсан. Тэгээд аав Ч.Лхамсүрэн гуайтай ярьж байгаад, түүний шүлгэнд мандалин хөгжмөөр ая хийгээд надад сонсгосон юм билээ. Надад сонсгоход дор нь сураад дуулсан гэсэн. Тэгэхээр нь энэ дууг хүүхдүүд амархан сурч, хүүхдийн ой тоонд амархан тогтох юм байна гэж бодсон гэж ярьдаг байсан. Ингэж л "Маамуу нааш ир" дуу бүтсэн түүхтэй. Тэгэхээр би хамгийн анхны сонсогч нь гэсэн үг. Харин энэ дууг ард түмэнд түгээж, бүх хүний мэддэг дуу болгосон хүн бол МУГЖ В.Долгор гуай” гэв.

-В.Долгор: “Маамуу нааш ир” надад "Хүүхдийн дуучин" гэдэг алдрыг авчирсан-

“Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх үеэр хүүхдийн дуучин МУГЖ В.Долгор Монголын хүүхдийн ордны “Квартет” хамтлагийн хамтаар “Маамуу нааш ир” дууг дуулан хүндэтгэл тэнд цугласан олон түмэнд, тэнгэрээс харж байгаа алдарт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсанд хүндэтгэл үзүүлсэн юм.

Харин МУГЖ В.Долгор дуугаа дуулсны дараагаар “1950 оноос хүүхдийн дуу олширсон. Тухайн үед багш маань хүүхдийн 10 гаруй дуу зохиосон байсан. Харин багш маань тэр олон дуунаасаа “Маамуу нааш ир” дуугаа надад тоглож үзүүлээд “Чи энийг хурдан сур, радиод бичүүлнэ шүү” гэдэг даалгавар өгсөн.

Нэгэн жарны настай энэ агуу бүтээлээ надад өгч, дуулуулсанд би багшдаа их талархаж явдаг. Энэ дуу л надад “Хүүхдийн дуучин” гэх алдрыг авчирсан шүү дээ” хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.

"МААМУУ НААШ ИР" ДУУНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХ ҮЕИЙН ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.