
“Хориотой хот”-ын зарим эртний дурсгалт, ховор нандин бүтээл, дурсгалууд Бээжин хотын шинэ үзэсгэлэнгийн танхимд тавигджээ.
Энэхүү хааны ордны музей анх 1925 онд олон нийтэд нээлттэй болж, хаалгаа нээж байсан түүхтэй. Эртний Хятадын Мин, Манж Чин хааны үеийн энэхүү ордон нь өнөөг хүртэл олон нийтэд ил болоогүй дурсгалт эд өлгийн зүйлийг хадгалсаар буй.
"Шинээр бүтээн байгуулж буй үзэсгэлэн нь хааны ордны музейн үнэт эдлэлийг дараагийн 600 жилийн турш хамгаалах болно"
Өнөөдрийн үзэсгэлэнд тавигдан, олонд нээлттэй болгосон зүйлс нь музейд хадгалагдаж буй эд зүйлсийн ердөө 0.5 хувь нь юм байна.
1860 онд Франц, Британийн цэргийн хүчний бөмбөгдөлтөд өртөж, галт автсан Манж Чин хааны ордны цэцэрлэгийн ойролцоо уг шинэ үзэсгэлэнгийн танхимыг байгуулсан бөгөөд хэтдээ хааны ордны дараагийн музей болох гэнэ. 12500 метр квадрат талбай бүхий үзэсгэлэнгийн танхимыг бүхэлд нь Хааны ордны музейд зориулан бүтээжээ.
Энэ талаар музейн эрхлэгч Шанг Жишиан “Хааны ордны музейн 24 хувь нь хүмүүст хаалттай хэвээр байгаа. Музейн нээлттэй хэсгийг нэмэгдүүлж, 2025 он гэхэд 85 хувьд хүргэх болно” хэмээн CCTV телевизэд ярьсан байна.

Хятадын Хааны ордны музей хэчнээн хэсгээс бүрддэг эсэх нь олон арван жилийн туршид оньсого таавар мэт байжээ. Оньсогын хариу бага багаар ил болсоор 2013 онд тайлагдсан гэж хэлж болно.
2004 онд хийсэн аудитын шалгалтын үеэр Хааны ордон нь 18 сая 7558 хэсгээс бүрддэг гэх тооцоо гарч байжээ. Өөрөөр хэлбэл, Хааны ордонд 1.7 сая төрлийн урлал, эд зүйлс өнөөг хүртэл хүний нүднээс далд хадгалагдаж байсан гэдэг.
Эдгээр 18 сая 7558 хэсэг зүйлийн 1.6 сая орчмыг нь үнэт эдлэлүүд эзэлдэг байна.
Музейн эрхлэгч Шан Жишиан “Миний удаан хугацаанд хамгийн их айсан зүйл бол хүмүүс музей хэчнээн цуглуулга, бүтээлтэй болохыг мэдэх явдал байсан” хэмээжээ.

Музейн цуглуулгад хийх шалгалт анх 1924 онд буюу олон нийтэд албан ёсоор нээлттэй болохоос яг нэг жилийн өмнө эхэлж байжээ. Мөн энэ үеийг Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан Пүи “Хориотой хот”-ыг орхин, хүчээр гарснаас 12 жилийн дараах явдал хэмээн түүхэнд тодотгосон байна.
“Эзэн хаан бол бурхны элч. Харин түүний үйл хэрэг нь бурхны үйл хэрэг юм” хэмээх дүрэм бүхэлдээ үйлчилж байв
Империалист Японоос 1933 онд дайралт хийх үеэр музейн гол үнэт дурсгалуудыг тухайн үед нийслэл байсан Нанжин хотруу, 1937 онд Сичуань муж руу тус тус шилжүүлж байжээ. Гэхдээ олон жилийн нүүлгэн шилжүүлэлт дунд музейн нэг ч үзмэр алдагдаж, гээгдээгүй өнөөдөртэй золгосон нь гайхалтай.
1949 онд Бүгд Найрамдах Хятад улс бүрэлдэн бий болсны дараа музейн маш их эрдэнэсийг Тайвань руу зөөж, тэндээ хамгаалах ёстой байсан ч, зарим нэг үнэт эдлэл, дурсгалууд Тайваньд үлдэж, өдгөө музейн үзмэр болжээ. Хамгийн сүүлд 2013 онд 200 шинжээчийн баг музейд ажиллан, судалгаа хийсний эцэст “Хааны ордны музейн эдлэлийн ангилал” хэмээх хэвлэл гаргасан байна.
Уг судалгааны дүнд нийт 16 сая 60 мянга 791 зүйлийг 22 хэсэгт ангилжээ.
Энэ тухай “Шинээр бүтээн байгуулж буй үзэсгэлэн нь хааны ордны музейн үнэт эдлэлийг дараагийн 600 жилийн турш хамгаалах болно” хэмээн музейн эрхлэгч өгүүлжээ.

Хориотой хот 500 жилийн турш Хятадын эзэн хаадын гэр орон төдийгүй төрийн хэрэг удирдан явуулах төв байсан юм. Түүнчлэн Мин улсын үеэс Манж Чин гүрний үе хүртэл үе үеийн 24 хаад амьдарч, аж төрж байсан түүхтэй аж.
"Амтат хоолонд сармагчны тархи, тэмээний бөх, ирвэсний ураг, нугас болон хөхөө шувууны тархи зэрэг содон хоол багтдаг байсан аж. Гэхдээ хаан хоолыг зөвхөн амсаад л орхидог байсан бөгөөд үлдсэн хоолыг бүгдийг хаядаг байжээ"
Тухайн үед “Эзэн хаан бол бурхны элч. Харин түүний үйл хэрэг нь бурхны үйл хэрэг юм” хэмээх дүрэм бүхэлдээ үйлчилж байв. Хаадын дураараа амьдрал, тансаглал нь хэмжээлшгүй байсан гэдэг.
Манж Чин гүрний үед хаадууд 100-300 төрлийн, Хятадын өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тогоочдын хоолыг зооглодог байжээ. Тоолж барамгүй их, амтат хоолонд сармагчны тархи, тэмээний бөх, ирвэсний ураг, нугас болон хөхөө шувууны тархи зэрэг содон хоол багтдаг байсан аж. Гэхдээ хаан хоолыг зөвхөн амсаад л орхидог байсан бөгөөд үлдсэн хоолыг бүгдийг хаядаг байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Сонирхолтой нь, “Хориотой хот”-д хаадын гэр бүлээс өөр ямар ч эрэгтэй хүн хоноглодоггүй байж. Харин тайганууд эрэгтэй хүний тоонд ордоггүй тул ордон дотор ажиллаж, амьдрахыг зөвшөөрдөг байжээ.

Хориотой хотын тансаг амьдралаар амьдрахыг хүссэн хүн тайган болж болох ч үүний төлөө ихээхэн эрсдэл, золиосыг давж гардаг байв. Тайган болох нь гэхдээ хүсэх зүйл биш. Учир нь засуулсан хүмүүсийн 50 хувь нь л амьд үлдэх магадлалтай, маш эрсдэлтэй ажиллагаа юм.
Тайган болсон хүмүүс насан туршдаа бүснээсээ засаагаа зүүн явдаг байжээ. Тэднийг нас барахад засааг нь ч мөн хамт оршуулдаг уламжлал ч байсан гэдэг.

Хориотой хотод Мин улсын үеэс Чин гүрнийг хамарсан нийт 24 хаад сууж байсан ч хамгийн сүүлчийн Пүи хааныг ихээхэн онцолсон байдаг. Гэхдээ түүнийг 1932 оноос Японы утсан хүүхэлдэй улс болох Манж-Гог тэргүүлж, Кандэ хаан хэмээгдэж байснаар нь олон нийт буруушаах нь олонтаа.

Түүнд ямар ч эрх мэдэл, өөрийн хувийн орон зай ч байгаагүй юм. Түүнийг хаа ч явсан тайганууд нь дагалдан бараа болдог байсан нь түүнд ихээхэн дарамт болж, амьсгалах агааргүй мэт санагдуулдаг байсан тухай ном, зохиолд тэмдэглэгдсэн байдаг.
Гэхдээ хожим Пүи хааны амьдралаар бүрэн хэмжээний кино бүтээсэн нь тухайн үеийн Манж-Го улсын нөхцөл байдал хийгээд Пүи хааны амьдралыг бүрэн дүүрэн харуулж, олон нийтэд зөв ойлголт өгсөн хэмээн шинжээчид үздэг.
Манж Чин улсын сүүлчийн хаан тэрээр 1912 онд Хориотой хотыг хүчээр орхин гарч, улмаар Зөвлөлт Хятадын шоронд хоригдон суллагдаж, улмаар БНХАУ-ын Улсын хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Тэрээр 61 насалж, 1967 онд таалал төгссөн юм.