
Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Чимидбазарын Дамдиншарав тэртээ 1968 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 20-нд “Мехико-1968” олимпийн чөлөөт бөхийн 52 кг-д хүрэл медаль авч, Монгол Улсын медалийн салхийг хамгийн анх хагалсан билээ.

Түүний амжилт булган сүүлтэй байж, өдгөө Монголын тамирчид олимпоос хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль аваад байна.

Сонирхуулахад, “Мехико-1968” олимпод Монгол Улсаас эх орноо төлөөлж 16 тамирчин өрсөлдсөнөөс чөлөөт бөхийн 87 кг-д Ж.Мөнхбат мөнгө, 52 кг-д Ч.Дамдиншарав, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулсан юм.



