Өнөөдөр хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн эмэгтэйчүүдийг хөхөвчнөөс татгалзахыг уриалж байгаа аж.
Хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган эмэгтэй тутамд жил бүр 15-16 тохиолдол бүртгэгддэг бөгөөд нийт хорт хавдраар өвчлөгсдийн 7 хувийг хөхний хорт хавдар эзэлдэг ажээ.
Хөхний хавдраар өвчилсөн таван эмэгтэй тутмын гурав нь хожуу шатандаа илэрдэг учраас эл өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг “Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан байна.
Хөхний хавдрын ихэнх тохиолдол сэтгэл гутрал, уур бухимдлаас үүдэлтэй гэнэ. Мөн архи тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол нь харьцангуй их байдаг аж. Түүнчлэн дааврын зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, буруу хооллолт, эрүүл ахуйн буруу дэглэм зэрэг нь хавдрын өвчлөлийн суурь нь болдог юм байна.
Уг өвчнөөр өвчлөгсдийн олонх нь 35-аас дээш насныхан ажээ.
-Хөхний хорт хавдрын ил болон нууц шинж тэмдгүүд-

Хөхний хорт хавдар эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, тодорхой зовиур илрэх нь ч бага байдаг.Хөхний хорт хавдрын үед ажиглагддаг хамгийн түгээмэл шинж тэмдэг нь суганы хонхор болон өвчүүний дээгүүр зангилаарсан зүйл мэдрэгдэж эхлэх юм. Гэхдээ ийм шинж тэмдгийг 9 хувь нь хөхний хорт хавдар гэж оношлогддог.

Үүнээс гадна хөхний хорт хавдрын далд шинж тэмдгийг дараах зурагтай адилтган үзэж болно.
А. Хатууруу юмуу бэрсүүтэх
B. Хөхөнд хүрэхэд хөндүүрлэж өвдөх
C. Бүтэц нь өөрчлөгдөх
D. Улайх
E. Хөхнөөс цусархаг шингэн зүйл гарах
F. Хөхний орчимд хонхойх
G. Үрчийж, атираа үүсэх
H. Зангилаарсан зүйл мэдрэгдэх
I. Хөхний толгой эргэх
J. Хөх хэлбэрээ алдах
K. Арьс улбар шар өнгөтэй болох
L. Хөхний орчмын арьс барзайх, биржгэр зүйл мэдрэгдэх
-Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд-

Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих
Хэт таргалалт хөхний хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Ялангуяа цэвэршилтийн насанд яваа эмэгтэйчүүдийн хувьд хэт таргалах нь аюултайг эрдэмтэд анхааруулж байна. АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 18 наснаасаа хойш илүүдэлтэй жинтэй байсан хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах магадлал 40 хувиар илүү байдаг гэжээ. Хэрэв та долоо хоногийн таван өдөр, өдөрт дунджаар 30 минут тогтмол дасгал сургуулилалт хийвэл хөхний хорт хавдар тусах эрсдэл 18 хувиар буурах аж.
Зөв хооллох
Нэн тэргүүнд малын гаралтай өөх тос агуулсан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах хэрэгтэй. Түүнчлэн цагаан гурил, будаа, элсэн чихэр зэргээс аль болох татгалзахыг хичээгээрэй. Харин хөх тарианы талх, бор будаа, хивэг, овьёос зэрэг бүхэл буудайн төрлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна химийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй юм.
Гормоны эмчилгээг хязгаарлах
Эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлага гараагүй бол эстроген агуулсан эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд гоо сайхны болон цэвэршилтийн шатанд энэ төрлийн эм бэлдмэлийг ихээр уудаг ба энэ нь хорт хавдар туслах магадлалыг 24 хувиар нэмэгдүүлдэг ажээ.
Хүүхдээрээ хөхөөр хооллох
Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг чухал алхам болдог. Учир нь, хүүхдээ хөхүүлэх үед булчирхайнууд хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдаг. Мөн хүүхэд хөхүүлэх үед ялгардаг окситоцин хэмээх даавар нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагджээ.
Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах
Нас ахих тусам хөхний хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг тул 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхний зураг авахуулж, эмчид үзүүлж байх шаардлагатай. Мөн сар бүр хөхөө хэвийн байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
Хөхний даруулга хорт хавдар тусахад нөлөөлдөггүй
Бидний дунд байдаг нэгэн ташаа ойлголт бол хөхний даруулга хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг гэсэн бодол юм. Гэвч эрдэмтэд дээрх мэдээлэл ташаа болохыг батлан хэлж байгаа бөгөөд хөхний даруулга хорт хавдрыг үүсгэдэг гэсэн албан ёсны судалгаа, онол байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, хөх өргөгч хэрэглэх, хатуулгатай хөхний даруулга өмсөх зэрэг нь хөхний хорт хавдартай ямар ч хамааралгүй гэнэ.