Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдан аваад буй. Энэ нь нийгэмд нэлээд шуугиан дэгдээсэн бөгөөд худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг шалгах болсноо МАН-ын ажлын хэсэг мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар эл асуудлаар анх удаа хэвлэл, мэдээлэлд ярилцлага өглөө. Түүний ярилцлагаас "Эрдэнэт"-ийг тойрсон 10 ээдрээт асуултын хариултыг онцлон хүргэж байна.
1. “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ...
Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол миний бодлоор тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал.
Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн, Үүнийх нь дараа Хятадын болон Казахстаны компаниудтай хамт манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон. Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал. Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг.
2. Төр 51 хувийн эрхээ цаашид хэрэгжүүлэх эсэх....
-“Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш Оросын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр, Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд, одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байгаа Да.Ганболдыг Тэргүүн Шадар сайд байх үед Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 болгосон. Сая Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэж үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын, монголчуудын мэдэлд ирж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрчлөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ байгаа. Харин бид Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Энэ бол нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан, санхүүгийн зах зээл дээр өдөр бүр л болдог энгийн процесс.
3. Засгийн газар яагаад “Эрдэнэт”-ийг өөрөө аваагүй вэ...

-Төрийн 51 хувийн эрх мэдэл, хяналт нь хэвээр байхад нэмж 49 хувийг худалдаж авч, “Эрдэнэт”-ийн шахааны бизнесийн талбайг томруулах шаардлага байгаагүй байх. Хэрвээ Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол “Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм.
4. “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”-ийг авсны дараа...
-Төр авахгүй гэж байгаа тохиолдолд өрсөлдөөнд ороод “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирсний төлөө хувийн хэвшлээ буруутгах нь дэлхийд Монголыг л муухай харагдуулна.
Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа худалдан авалт тойрсон энэ үйл явдалд төр ингэж хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ. Гаднынхан энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа.
“Хан ресурс” зэрэг олон хөрөнгө оруулагчийн хувьцааг төрд хүчээр аваад дараа нь олон улсын арбитрт очиж их хэмжээний төлбөрт орсон алдаанаасаа Монгол Улс сургамж аваагүй байна л гэж харна.
5. Оросууд яагаад хувьцаагаа зарав...
-Хоёр жилийн өмнөөс ОХУ-ыг тойрч дэлхий дахинд өрнөсөн үйл явц нөлөөлсөн байх. ОХУ-д хоёр жилийн өмнөөс геополитикийн бодлогоор гэх юм уу, Украйны асуудлаас болж янз бүрийн хориг тавигдаж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компанид хүртэл хориг тавьсан.
ОХУ-ын эдийн засгийн ихэнх орлого, татвар болон бусад төрлийн орлогыг бүрдүүлж байдаг түүхий эд нь нефть. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 65, бараг 70 хүрчихлээ. Ганцхан жилийн дотор рублийн ханш нь хэд дахин буурлаа. Энэ бүхнээс шууд хамааралтайгаар ОХУ-ын төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрч байгаа.
“Эрдэнэт” үйлдвэрийн насжилт болон нөөц дуусч байгаа...
Ер нь ганц “Эрдэнэт” биш, хөнгөн цагаан, нефть зэргээс авхуулаад нэлээд активаа зарж, төрийн ачааг хөнгөлөх шаардлага тулсан байх. Дараагийн шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр насжилтын хувьд хугацаа нь дуусгавар болж байгаа (технологи болон нөөцийн хувьд). “Эрдэнэт” үйлдвэр үүнээс цааш 15 жилийн хугацаанд хаалтын горимд шилжин ажиллах шаардлагатай болж байна.
6. Ямар шалгуураар “Монголын зэс”-ийг сонгосон бэ...
-Зарим хүний хэлж байгаагаар манай компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хуйвалдсан болж таарах уу? Гэтэл бид бодит байдал дээр гаднын компаниудтай өрсөлдөөнд орсон нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авахад харин ч эерэг туссан.
Хэрвээ бидний оронд Хятадын юм уу, Казахстаны компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан байсан бол өнөөдөр зарим улстөрч ямар улс төр хийх байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Яг үнэндээ манай компанийнхан маш их хүч, хөдөлмөрлөж байж “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан.
Үүнийгээ Монголынхоо төлөө хийлээ гэж бодон хөөрч баярлаж байснаас бус, хэн нэгэн улстөрчийн карьер өгсөхийн төлөө ашиглах сэдэв болно гэж бодсонгүй. Урамгүй л байна, зүйрлэхэд олимпоос медаль аваад ирэхэд “Чи шүүгчтэй хуйвалдаж авсан байх, медалийг чинь хураана” гэдэг улс өнөөдөр Хойд Солонгос л байх..
7. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэдэн доллараар худалдан авсан бэ....
-Гэрээний төлбөр 400 сая ам.доллар. Энэ нь олон улсад “leveraged buy out” гэж нэрлэгддэг. Үүнийг өөрийнхөөс гадна дутагдаж байгаа хөрөнгөө бусад санхүүгийн байгууллагаас зээлэх замаар санхүүжилт хийдэг. Энэ худалдан авалтыг хийхдээ бид тодорхой хэмжээний зөвлөх болон хуулийн компаниудыг авч ажиллуулсан.
Нэгдүгээрт, “Ростех” бол цэргийн зориулалттай компани. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний санкцтай. Тэгэхээр гэрээ хэлцэл хийхээсээ өмнө бид АНУ-ын нэр хүнд бүхий, яг ийм төрлийн худалдан авалтад зөвлөгөө өгдөг нэр хүнд бүхий компани болох Skadden-аар хуулийн дүгнэлтээ гаргуулсан.
Хоёрдугаарт, энэ гэрээ хэлцэл Монгол Улс болоод ОХУ-ын хууль, эрх зүйн хувьд хийж болох хэлцэл мөн үү, үгүй юү гэсэн асуулт байсан. Гуравдугаарт, суурь баримт маань ОХУ анх ЗХУ байхад БНМАУ-ын хооронд байгуулагдсан, дараа нь шинэчлэгдсэн. Энэ бүхэнд бид хуулийн дүгнэлт гаргуулахаар дэлхийд нэр хүндтэй мэргэшсэн компаниудыг ажиллуулсан.
8.“Монголын зэс” корпораци Монголын компани уу...
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай шалгасан Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан. Тэнд манай компанийг үндэснийх гэдгийг онцолсон байгаа. Албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэхэд, “Монголын зэс корпорац” 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Монголын өмчийг Монголдоо л авчирсан компани. Дахин хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр дээр хувьчлал яваагүй.
9. Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм вэ..
-Санхүүгийн зөвлөх компаниар “Худалдаа хөгжлийн банк”-ны охин компани “TDB capital”-ийг авч ажилласан. Яагаад гэвэл, Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай. Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.
10. Цаашид хэрхэн ажиллах вэ...
-Нэн тэргүүнд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах менежмент хийх шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн нэг тонн зэсийн өөрийн өртөг нь 2,000 орчим доллар байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийнх 4,500 орчим долларт байна. Техник, технологийн хоцрогдол, хүдэр дэх зэсийн агуулга буурсан, уулын нөхцөл хүндэрсэн зэрэг яаралтай асуудлууд хүлээж байна.
“Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон.
Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна. “Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон.
Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш. ТУЗ-ийг хүч түрэн булаан авч байгаа нь нэг хувьтай байх 49 хувьтай байх хооронд ямар ч ялгаагүй болгож, зах зээлийн зарчим эрүүлээр мөрдөгдөх боломжгүй болгож байна. Энэ бүх асуудлуудаа бид хуулийн дагуу шийдүүлнэ. Мөн үйлдвэрээ ашигтай ажиллуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ч анхаарна.