Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг НЗДТГ болон Замын цагдаагийн газраас танилцууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулсан юм.

Өөрөөр хэлбэл, тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг аравдугаар сарын 10-наас нийслэлийн эдгээр уулзваруудад хэрэгжүүлэхээр болжээ.

Үүнд:

-Баруун 4 замын уулзвар,

-Зүүн 4 замын уулзвар,

-Гэсэр сүмийн уулзвар,

-Саппорогийн уулзвар

Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” төслийн хүрээнд авто замын хөдөлгөөнийг сайжруулах, түгжрэлийг бууруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Уг ажлын нэг бол тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх ажил юм” гэв.

Харин Замын цагдаагийн газрын дарга, Хурандаа Ч.Жаргалсайхан  “Эхний ээлжинд дөрвөн уулзвар дээр туршина. Энэ уулзварууд нь нэмэлт тэмдэг, тэмдэглэл байршуулах, мэдээллийн самбар байрлуулах бололцоотой учраас сонгосон. Цаашид туршилт амжилттай болвол энэ журмыг хэрэгжүүлж эхэлнэ” гэдгийг хэллээ.

Энэхүү туршилтын үр дүнд замын түгжрэл 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин сул тал нь явган зорчигч осолд орох, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осолтой аж.

Иймд дээрх дөрвөн уулзвараар зорчиж буй жолооч нар баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгч соёлтой үйлчлүүлэхийг санууллаа.