
Өнөөгийн нийгэмд банкны зээлгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Бизнесээ өргөжүүлэх, шинэ санаагаа бодит ажил хэрэг болгохоор зорьж буй ч санхүүгийн асуудалтай байгаа иргэнд энэ хүндрэлээсээ гарах хамгийн сайн аргуудын нэг бол яах аргагүй зээл. Мэдээж нарийн тооцоолж, үр ашигтай зарцуулж чадвал шүү дээ.
Ингээд уншигч танд банкны зээлийн талаар зайлшгүй мэдэх хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Зээл болон зээлийн өртөг гэж юу вэ
Уншигч та банкнаас зээл авахдаа хамгийн түрүүнд тухайн банкны зарласан хүүг хардаг нь мэдээж.
Тэгвэл зээлийн бодит өртөг гэж юу вэ...
-Зээл олгосны шимтгэл, өргөдлийн хураамж, зээлийн эрсдлийн шимтгэл
-Санхүүгийн түрээсийн зээлийн хувьд нийлүүлэгчээс авч буй шимтгэл, хураамж
-Зээлдүүлэгчийн шаардлагын дагуу хийгдэх барьцаа хөрөнгийн бүх төрлийн даатгалын шимтгэл, хураамж
-Тухайн зээлтэй холбоотой зээлдүүлэгчээс шаардаж буй аливаа нэмэлт үйлчилгээний зардал, шимтгэл, хураамж зэргийг тооцон таны төлж байгаа хүү дээр нэмсэн нь зээлийн бодит өртөг болно.

Зээлийн бодит өртөгт дараах зардлуудыг тооцохгүй:
-Улсын бүртгэлтэй холбоотой шимтгэл, хураамж
-Зээл барьцааны гэрээ баталгаажуулахтай холбоотой нотариатын шимтгэл, хураамж
-Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалтай холбоотой шимтгэл, хураамж
-Зээл, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой шимтгэл, хураамж
-Зээлдэгч зээлийн гэрээ зөрчсөнөөс үүсэх зардал, шимтгэл, хураамж зэргийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зээлийн бодит өртөгт оруулахгүй юм.

Банкнуудын шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанкнаас “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг 2014 онд баталсан юм.
"Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ыг сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.
Банкнаас зээл хүсэхэд хэрэгжүүлэх 5 зарчмыг ЭНД дарж сонирхоно уу.