Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтнээр оржээ. Тэрээр одоогоос хоёр сарын өмнө ХБИ-ийн эрх зөрчигдөж, хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн бичлэгээ цахим ертөнцөд байршуулснаар олон хүнд хүрч, улмаар Ерөнхийлөгчийн анхаарлыг хүртэл татсан билээ.
Б.Болороо төрөхийн хүндрэлээс болж тархины саажилт өвчтэй болсон хэдий ч үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн сурцалцаж МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Гэвч түүнд "тахир дутуу", хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй гэдэг.
Б.Болороог болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албаныханд үүрэгдсэн билээ. Энэ дагуу түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэст мэргэжилтнээр ажилд оруулсан байна.
Ц.Цогзолмаа НББСШУБХ-ы гишүүнийхээ хувьд ХБИ-ийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн дагуу ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүндээ орж ажиллахыг урьсан байна.
Энэ талаар тэрээр цахим хуудастаа "Сайн байцгаана уу. Би 2016-09-19-нөөс ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс"-т мэргэжилтнээр орж ажиллаж байна. Яг л зорьсон ажилдаа орж чадсандаа баяртай байгаа, ажилд орох өргөдлийг минь нааштайгаар шийдэж, дэмжиж ажиллаж байгаа Н.Номтойбаяр сайдад баярлалаа. Яг одоогийн байдлаар асуудал хариуцаж аваагүй байгаа ч хэлж ярьсан бүхнээ ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах болно оо. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа НББСШУБХ-ы гишүүнийхээ хувьд ХБИ-ийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн дагуу ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүндээ намайг орж ажиллахыг урьсан юм. Ингэснээр дуу хоолойгоо УИХ-ын түвшинд хүргэж чадахаар боллоо. Ажилтайгаа холбогдуулан уншиж судлах зүйл их байгаагаас гадна Бямба гарагт Компьютерийн, ням гарагт нь Англи хэлний сургалтанд сууж байгаа, аа тийм бас "LEAD MONGOLIA" гэдэг залуу манлайллын хөтөлбөрт хамрагдана. Ингээд маш завгүй өдрүүд үргэлжилж байна даа. Мөн надад маш олон даваа байгаа, хамгийн эхнийх нь "төрийн албаны шалгалт".
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хэвтрийн байдлаас хөл дээр нь босгож эрүүл хүүхдүүдтэй цуг сурган улмаар МУИС-ийг төгсгөж боловсролтой бие хүн болгох гэж хамаг байдгаа зориулан насаараа айлд толгой хоргодон үхэхээс наагуурхыг үзсэн ээжийнхээ төлөө одоо миний зүтгэх цаг нь болсоон" хэмээн бичжээ.