Хөдөө талд комбайн, тракторын дуу хадаж, их ажил ундарсан өдрүүд Монгол орон даяар үргэлжилж байна. Ногоочид бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж, ногоогоо хурааж буй нь энэ.

Энэ онд Монгол Улсын хэмжээнд 355.300 га-д улаанбуудай, 14.400 га-д төмс, 8.200 га-д хүнсний ногоо, 63.800 га-д тосны ургамал, 28.000 га-д тэжээлийн ургамал, 4.200 га-д эмийн ургамал тариалсан юм. Өнгөрсөн сарын эхний байдлаар нийтдээ 8278 га-гаас 11899 тонн үр тариа, 1423 га-гаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал хурааж аваад байна.

Мэдээж үүний сацуу хамгийн чухал асуудлын нэг бол яах аргагүй хүнсний аюулгүй байдал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол, хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй болохыг тогтоожээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол, хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй болохыг тогтоожээ.

Өдрөөс өдөрт даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдал бол дэлхийн улс орнуудын амин чухал бодлого, стратегийн зорилго, үндэсний аюулгүй байдлын нэг илэрхийлэл болсоор байна.

Товчхондоо дэлхий нийтээр эрүүл, хүнсийг эрхэмлэж байна гэсэн үг. Манайх шиг хоёр том эх гүрний дунд оршдог БНХАУ-аас хүнсний ногооны багагүй хувиа импортоор авдаг орон ард иргэдээ эрүүл хүнсээр хангах бүрэн боломжтой нь мэдээж. Гэхдээ өнөөдөр бид өдөр бүр шинэ, эрүүл ногоо хүнсэндээ хэрэглэж чадаж байгаа бил үү. Зөвхөн Хятадынх гэлтгүй Монголын хөрсөнд тарьсан зарим ногоог ч химийн бордоогоор борддог гэх хардлага байдаг. Бордоог химийн, органик гэж хоёр ангилдаг. Зөвшөөрөгдсөн хэмжээгээр химийн бордоог хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд тухайн ногооноос шалтгаалж харилцан адилгүй.

Мэдээж худалдаачин, тариачид ард иргэдээ эрүүл хүнсээр хангаж, мэргэжлийн байгуулагууд ч бас зохих хяналт шалгалт явуулах үүрэгтэй. Үүний сацуу хэрэглэгч биднээс шалтгаалах зүйл ч бас бий. Хүнсний ногоо худалдан авахдаа үйлдвэрлэсэн он сар өдөр, гарал үүслийн гэрчилгээг нь харах, горимынх нь дагуу хадгалахаас ч бид бүхэн эрүүл хүнс хэрэглэх эсэх шалтгаална.

Хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын газар хэрхэн анхаарч, урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Булганаас тодруулахад “Хүнсний аюулгүй байдалд худалдаачид, хэрэглэгч, хууль, хяналтын байгууллагуудын хоорондын уялдаа холбоо их чухал. Мэргэжлийн хяналтын газраас бүхий л шатанд хяналт тавьж, ард иргэдэд эрүүл хүнс хэрэглэх боломж бүрдүүлэхийн төлөө бүхий л нөөцөөрөө ажиллаж байна. Үүнд зөвхөн худалдаачдаас гадна иргэдээс шалтгаалах хүчин зүйлс ч чамгүй их бий. Иргэд хүнсний ногоог хаяг шошгийн мэдээллийг сайтар шалгаж байгаад авах, горимынх нь дагуу хадгалах нь зүйтэй. Жилд дунджаар яг тэдэн зөрчил илэрдэг гээд тодорхой хэлэх боломжгүй.

Бид худалдаачдын мэдлэгийг дээшлүүлэх, элдэв зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн гурван дүүргийн таван худалдааны төв, захуудад автобустай сургалт зохиож байна. Хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, тээвэрлэх явцад юун дээр анхаарах, хууль дүрэмд хэрхэн заасан байдаг талаар худалдаачдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой энэ сургалтыг явуулж байна. Нэг удаагийн сургалтад 30-35 хүн хамрагдах боломжтой. Өнөөдөр /өчигдөр/ бид “Бөмбөгөр-1”, “Нарантуул-2” худалдааны төвийн 120 гаруй лангуу түрээслэгчид сургалт явууллаа” хэмээв.

Дотоодод тарьснаас илүүтэй хилээр оруулж буй хүнсний ногоонд хяналт тавин, эрүүл эсэхийг нь шинжилж, тогтоох амаргүй нь лавтай. Импортын бүтээгдэхүүнийг их, дунд, бага эрсдэлтэй гэж ангилдаг. Бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд бичиг баримтын хяналт хийдэг бол дунд эрсдэлтэйд нь бичиг баримтын болон биет үзлэг хийнэ. Харих их эрсдэлтэй бүтээгдэхүүнд заавал бичиг баримт, биет үзлэг хийн, лабораторийн шинжилгээнд хамруулж байж хилээр нэвтрүүлдэг. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага их эрсдэлтэй бүтээгдэхүүнийг импортлохоос нь өмнө ачилтын хяналт, шалгалт хийдэг. Мөн шошго нь зөвхөн Монгол, Англи хэлээр байх учиртай.

Хамгийн эрүүл 10 хүнсний  ногоо

Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг. Тиймээс хүн бүр эрүүл, шим тэжээллэг, шинэ хүнсний ногоо хэрэглэх нь их чухал. Дэлхийн хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг орноор Төв Африкийн Чад улс шалгарчээ. Тус улс бол дэлхийн хамгийн ядуу орны нэг билээ. Эндээс харахад эрүүл хүнс хэрэглэж хэвшихэд тухайн орны эдийн засгийн чадамж тийм ч чухал биш бололтой.

Харин эсрэгээрээ хамгийн эрүүл бус, эрүүл мэндэд халтай хүнс хэрэглэдэг орнуудад Аргентин, Словак, Монгол, Бельги, Беларусь, Унгер, Казахстан улсууд багтжээ. Хүнсэндээ хэдий чинээ тансаг ногоо хэрэглэнэ төдий чинээ ард иргэдийн дунд таргалалт, буруу хооллолтоос үүдэлтэй өвчлөл нэмэгдэх эрсдэл ихтэй хэмээн эрдэмтэд зөвлөж байна.

Тэгвэл Дэлхийн хүнсний хөтөлбөрийн эрдэмтэд олон улсад хийсэн 30 жилийн судалгааныхаа үр дүнд тулгуурлан дэлхий дээрх хамгийн эрүүл 10 хүнсний ногоог нэрлэжээ.

Эдгээр хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэж хэвшвэл ямар нэгэн өвчин тусах эрсдлээс 50 хувь сэргийлэх аж.

Буржгар байцаа: Антиоксидант болон эсийн өсөлтийг дэмждэг К витамин агуулдаг энэ ногоо хорт хавдар үүсэхээс сэргийлдэг.

Чихэрлэг өвч: Дархлаа сайжруулж, хавдар үүсэхээс хамгаалдаг.

-Бууцай: Эл ногоо төмөр, кальци, А витамин, шим тэжээлтэй бодисоор баялаг. Бие давхар эмэгтэйчүүд тогтмол хэрэглэвэл ургийн гацгаас сэргийлдэг. Буйцаанд агуулагддаг шимт бодис цусны улаан эсийг эрүүл байлгадаг.

Брокколи: Хорт хавдрыг эсэргүүцэх, дархлааг сайжруулах зэрэг олон чухал эрдэс бодис агуулдаг энэ ногоо цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач тустай.

Сармис: Багтраа, хавдар, дархлааны өвчин, тархины хөгшрөлт, нүдэнд цагаа буух, үе мөчний үрэвсэл зэрэг насжилттай холбоотой архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ач тустай. Мөн Амьсгалын замын халдвар, ханиадны эсрэг үйлчилгээтэй.

Сонгино: Зүрхний өвчин, хавдраас урьдчилан сэргийлж, цусны даралт бууруулдаг. Мөн харшлын эсрэг хамгийн сайн хүнсний ногоонуудын нэг.

Цагаан гаа: Цусны эргэлтийг сайжруулдаг тул гар, хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн судас тэлж, цус шингэлдэг, цэр ховхолж, хөлөргөдөг ач тустай. Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас остеоартрит, ревматоид артрит зэрэг үе мөчний өвчнөөр өвчилсөн үед хэрэглэдэг. Сарын тэмдгийн үеийн өвдөлт, толгойн өвдөлтүүдийг намдаадаг нь батлагджээ.

Хүн орхоодой: Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, гадны хорт нөлөөллийг эсэргүүцдэг. Оюуны чадавхийг сайжруулж, радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлж, тайвруулах ач тустай. Өсөлт, цусны эргэлтийг дэмждэгээс гадна цус төлжүүлэн, ходоод гэдэс, элэг, зүрхний үйл ажиллагаа сайжруулдаг онцлогтой. Мөн хөгшрөлт болон эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хугацааг удаашруулдаг төдийгүй цэвэршилтийн үед илрэх зовиурыг багасгадаг. Чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээг багасгаж, урьдчилан сэргийлдэх үйлчилгээтэй.

Наргил модны самар: Маш их уураг, амино хүчил, витамин агуулдаг жимс. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, дархлаа сайжруулдаг төдийгүй тамир тэнхээ сэргээдэг.

Нимбэг: С витамин их хэмжээгээр агуулдаг тус дархлааг сайжруулж, арьсны өнгө сэргээдэг. Их хүчиллэг учраас хэр баргийн сорвийг арилгах үйлчилгээтэй. Хүний биед С амин дэм дутагдсанаас болж чийг бам өвчин тусдаг. Үүнээс бож хялгасан судас гэмтэж, арьсан дор цус харвасны улмаас цус хурна. Мөн судас хагарамхай, хэврэг болдог. Тиймээс эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд нимбэг хэрэглэж хэвших нь зүйтэй.

Улаан лооль: А, С,К амин дэмээр баялаг жимс. Зүрхний үйл ажиллагааг их сайн дэмжиж, цус төлжүүлдэг.