Бага ангийн сурагчид олон цагийн хичээлд суухад ядарч, өлсөж анхаарал нь сулардаг байна. Тиймээс дэлхийн олон оронд сурагчдад зориулсан өдрийн хоолны хөтөлбөр байдаг аж. Манай улс 2006 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
“Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бяцхан сурагчид маань юу иддэг болон дэлхий бусад улс орны сурагчид завсарлагаанаараа хэрхэн хооллодгийг харцгаая.
-Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын I дунд сургууль-
Нэгдүгээр сургуулийн бага ангийн сурагчдад өгдөг үдийн цайны цэс өдөр бүр өөр байдаг бөгөөд хүүхдийн авах элчлэгийг 240 килокалорид тооцож цэсээ зохиодог байна. Сурагчдад өгдөг цай хоолоо нийлүүлэгчээс авдаггүй бөгөөд сургуулийн цайны газрын нарийн боовны цехдээ пирог, кекс, эклер зэргийг хийдэг аж.

Тус сургуулийн өнөөдрийн “Үдийн цай”-нд цай, баяжуулсан будаатай шөл байлаа.
-Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79-р сургууль-
Байгальд ээлтэй 79-р сургууль нь Шархадны эцэст байрладаг. Тус сургууль гурилан бүтээгдэхүүнээ өөрийн цехдээ үйлдвэрлэдэг. Сурагчдадаа долоо хоногийн хоёр өдөрт нь нарийн боов, цай, хоёр өдөрт нь махан хоол, нэг өдөр нь цагаан хоол өгдөг аж.

Өнөөдрийн “Үдийн цай”-ны цэсэнд жимстэй боов, хярам байна.
-Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 117-р сургууль-
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 117-р сургууль өнөөдөр “Үдийн цай”-гаараа сурагчдад мантуун бууз, цай өгч байна.

-Ататуркийн нэрэмжит Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5-р сургууль-
Тус сургуулийн цайны газар зай талбай хүрэлцээгүйн улмаас “Үдийн цай” хөтөлбөрийн дагуу бага ангийн сурагчдад халуун хоол бэлтгэн өгөх боломжгүй аж. Тиймээс сурагчдадаа төрөл бүрийн жимсний шүүс болон харилцагч “Бамбууш” ХХК-ийн нарийн боовыг өгдөг аж.

Өнөөдрийн “Үдийн цай”-ны цэсэнд үзэмтэй боов болон үзэмний шүүс багтжээ.
-Хан-Уул дүүргийн лаборатори 115-р сургууль-
"Үдийн цай" хөтөлбөрийн дагуу хичээлийн хоёр өдөр нь хоол, гурван өдөр нь нарийн боов болон цай өгдөг аж. Тус сургуулийн нарийн боовыг "Бамбууш" ХХК нийлүүлдэг юм байна.

115-р сургуулийн өнөөдрийн "Үдийн цай"-нд гоймонтой хуурга, сүүтэй цай багтжээ.
-Сүхбаатар дүүргийн лаборатори 23-р сургууль-
Тус сургууль хичээлийн 3 өдөр хоол, 2 өдөр нь цагаан хоол болон нарийн боов өгдөг аж.

Өнөөдрийн “Үдийн цай”-ны цэсэнд нэг болон тавдугаар ангид, нарийн боов болон хярам, хоёр болон гуравдугаар ангиудад брокклитой зутан шөл, гуравдугаар ангийн сурагчдад каш өгөхөөр бэлтгэжээ.
-Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Оюуны Ундраа цогцолбор /22-р сургууль/-
Тус сургууль махан хоол болон нарийн боовоо өөрийн цайны газар, цехэд үйлдвэрлэдэг аж. Ингэхдээ сурагчдад хичээлийн хоёр өдөр махан хоол, хоёр өдөр нь нарийн боов, нэг өдөр нь цагаан хоол өгдөг байна.

Өнөөдрийн үдийн хоолны цэсэндээ мантуу болон сүүтэй шар будаа багтаажээ.
-Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор /80-р сургууль/-
Тус сургуулийн “Үдийн цай”-г “Коко десерт” ХХК хариуцан ажилладаг бөгөөд хичээлийн гурван өдөр махан хоол, нэг өдөр нь цагаан хоол, нэг өдөр нь нарийн боов сурагчдад өгдөг юм байна.

“Ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн сурагчид өнөөдөр “Үдийн цай”-ндаа баяжуулсан бантан иджээ.
-Сакура сургууль-
Тус сургуулийн хувьд японы ерөнхий боловсролын сургуулийн хоолны цэсийг хэрэгжүүлдэг гэнэ. Хоолны цэс өдөр бүр өөр байдаг бөгөөд Япон, Монгол хоолыг өдөр өдрөөр ээлжлэн өгдөг юм байна. Сурагчдын хоолонд буурцаг, далайн байцаа, жимсний шүүс, төрөл бүрийн ногооны салад зэргийг тогтмол хэрэглэдэг аж. Энэхүү сургууль сурагчдадаа үдийн цайнаас гадна өглөө, өдрийн хоол өгдөг гэнэ. Ингэхдээ сурагчдаас урдьчилан захиалга авдаг аж.

Энэ өдөр сурагчдын “Үдийн цай”-нд үдон гоймонтой шөл, жимсний шүүс, боорцог багтжээ.
-“Орчлон” Олон улсын сургууль-
Сурвалжлага бэлтгэж явах үед тус сургууль “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эцэг эхчүүд болон бусад сургуулийн удирдлагуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулж буйтай таарлаа. Тус сургууль нь хоол болон нарийн боовоо өөрсдийн нарийн боовны цехдээ үйлдвэрлэн сурагчдадаа өгдөг аж. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд улсаас сурагч нэг бүрт оноодог 600 төгрөгт тааруулан хоол бэлтгэхэд учир дутагдалтай байдаг учир хүүхдийн хоолны порцыг сургуулийн зүгээс нэмж өгдөг гэдгийг удирдлагууд нь тайлбарлалаа.

Тус сургуулийн өнөөдрийн “Үдийн цай”-ны цэсэнд амталсан будаа, бөөрөнхий мах, далайн байцааны шөл, сүүтэй цай, шинэ ногооны салад багтжээ.
-Олон улсын “Улаанбаатар” сургууль-
Тус сургууль сурагчдадаа хичээлийн дөрвөн өдөр махан хоол, нэг өдөр нарийн боов, гурван долоо хоног тутамд нэг өдөр цагаан хоол өгдөг аж. Бүх хоол, нарийн боовоо өөрсдийн цайны газартаа бэлтгэдэг.

Өнөөдрийн “Үдийн цай”-ны цэсэнд амталсан будаа, бөөрөнхий мах, өргөст хэмх, улаан лоолийн хачир болон лифтон цай багтжээ.
-Бага ангийн сурагчдийн “Үдийн цай”-наасаа авдаг илчлэг шим тэжээлийг доорх зурагнаас харна уу-

Ингээд дэлхийн улс орнуудын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолыг уншигчдадаа танилцуулъя.
Япон

(Загас, будаа, шөл, банш, сүү. Японы сургуулиудын сурагчдадаа өгдөг хоолны сонголт өдөр бүр өөр байх хэдий ч үдийн цайнд заавал сүү дагалдуулж өгдөг)
-Малайз-

Бин, буурцагны зутан шөл, карри, амттан, жимсний шүүс
-Хятад-

Агшаасан будаа, өндөгтэй шарсан улаан лооль, амталсан дүпү, халуун чинжүүтэй хуурсан цэцэгт байцаа
-Их Британи-

Шоштой Франкфурт зайдас, жигнэсэн төмс, эрдэнэ шиш, хэрчим амтат гуа болон савтай ундаа
-Финланд-

Финландын үдийн хоолонд ногоо голлодог аж. Энд вандуйн шөл, хуурсан лууван, улаан манжингийн салад, жимстэй блинчик байна
-Өмнөд Солонгос-

Өмнөд Солонгосын сурагчдын нэг өдрийн үдийн цайны цэсэд брокколи, халуун чинжүү, амталсан будаа, дүпү, исгэлэн байцаа болон загасны шөл багтжээ
-АНУ-

(Харин Америкийн сурагчдын үдийн хоолыг хамгийн эрүүл бус хоол хэмээн тодотгодог бөгөөд сурагчдын нэг өдрийн хоолонд юу багтсаныг харцгаая. Кетчутэй бүрж шарсан попкорн тахиа, төмсний нухаш, ногоон вандуй, жимсний цэлцэгнүүр, шоколадтай жигнэмэг.
-Бразил-

Хар буурцгаар амталсан будаа, жигнэсэн банана, халуун ногоотой гахайн мах, талх, ногооны салад
-Итали-

Хүүхдүүд үдийн цайндаа паста, загас, хоёр төрлийн салад, талх, усан үзэм