Улс төрийн гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж буй энэ үед МАХН бодлого, төлөвлөгөөгөө боловсруулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн алдаа оноогоо дэнслэн эргээд босоод ирэх боломжтой ч МАХН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд  ороод байна гэсэн мэдээлэл цацагдаад буй.

2012 оны сонгуульд 10-аад суудал авч улс төрийн гуравдагч том хүчин гэдгээ зарласан МАХН энэ удаагийн сонгуульд тун ч тааруухан оролцож ганц суудалтай үлдсэн ч  УИХ-д суудалтай гуравдагч нам болсон.

Тэгвэл сүүлийн үед МАХН-ын ноён нуруу Н.Энхбаярыг намаа санхүүжүүлэхээ больж, АН-нд элсэх гэж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр, МАХН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа, энэ нь Н.Энхбаяр МАХН-ыг санхүүжүүлэхээ больсон гэх мэдээлэл цацагдсантай холбоотой. Түүгээр ч зогсохгүй МАХН-ыг орон нутгийн сонгуульд орохгүй, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй болсон гэх мэдээлэл бий.

Энэ тухай тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлд өгсөн ярилцлагандаа, “Би Н.Энхбаяр даргаас өөрийнх нь байр суурийг сонссон.Сонгуульд орохгүй гэсэн. Миний хувьд дарга нэр дэвшихгүй гэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох хэрэггүй гэж үзэж байгаа. Шаардлагатай бол бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн шийдвэр тогтоол гаргахад бэлэн байна” хэмээн ярьсан байдаг. Үүнээс үзэхэд үүний цаана ямар нэг улс төрийн тохиролцоо байна уу эсвэл шахаанд орсон Н.Энхбаярт хоргодох эцсийн байр нь АН мөн үү гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Бид талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодруулга авахаар удаа дарааллан уулзсан боловч тэрээр тайлбар өгөхгүй гэдгээ мэдэгдэв. МАХН-ын дарга үнэхээр АН-д орж байгаа болохоор намаа санхүүжүүлэхээ болив уу, эсвэл энэ мэдээ худлаа цуурхал уу гэдэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг мэдээлэл хийсэн цагт л тодорхой болох бололтой.