Стресс
Толгой өвдөлт нь өдөр бүр сая сая хүмүүст тохиолддог түгээмэл өвчин юм. Тиймэс юун түрүүнд толгой өвдөх болсон шалтгааныг олж, тодорхойлох шаардлагатай юм. Судалгаагаар толгой өвдөхөд хүргэдэг хамгийн том хүчин зүйл нь стрессээс үүдэлтэй байдгийг тогтоожээ. Тиймээс эерэг болон сөрөг стрессийг хянаж, стрессээс ангижирч сурах нь ихээхэн ач холбогдолтой юм.
Эрүүл бус хоолны дэглэм
Буруу хооллосноор биднийг маш олон аюулд хүргэж болдгийн нэг нь толгойн өвчин юм. Цаг заваа зөв тохируулж, зөв хооллож, кафейнаас татгалзахыг зөвлөж байна.
Эмийн буруу хэрэглээ
Буруу эм уух, эм хольж ууснаар хүний биенд сөрөг нөлөө үзүүлж буй дохио нь толгой өвдөлтөөр илэрдэг байна. Эмний зохистой хэрэглээ нь бидний боддогоос ч ноцтой асуудал юм. Буруу эм хэрэглэх, эмний хэмжээг хэтрүүлэн хэрэглэснээр толгой өвдөхөд нөлөөлөөд зогсохгүй, эд эрхтнийг өвчлүүлж, үхэлд ч хүргэх аюултай.
Утас, компьютер ширтэх
Утас, компьютерийн дэлгэц удаан ширтэх нь нүдний хараанд сөргөөр нөлөөлж, толгой өвдөх том шалтгаан болдог. Түүнчлэн утас, компьютерийг өдөрт тасралтгүй 45 минутаас удаан ширтэж харах нь хүний эрүүл мэндэд аюултай тухай эмч нар зөвлөжээ.
Амьдралын хэв маяг
Хэт их унтах, эсрэгээрээ хэт бага хугацаанд нойроо авах нь толгойн өвдөлтийн бас нэгэн шалтгаан болдог байна. Хүн бүрийн өдөрт унтах ёстой цагийг нарийн тодорхойлох боломжгүй юм. Тиймээс хүн өөрийн биеийн онцлогоо зөв ойлгож, тодорхойлон тохиромжтой хугацаанд унтаж амарч сурах нь заавал мөрдөх шаардлагатай амьдралын хэв маяг юм.
Буруу суух
Буруу суух нь толгой өвдөлтийн нэг шалтгаан болдгийг та мэдэх үү? Бидний ихэнхи нь буруу суудгаас толгой өвдөж буйгаа мэддэггүй байна. Буруу сууснаар толгой өвдөөд зогсохгүй, сээр нурууны өвчлөлийн гол шалтгаан болдог аж.
Будагны үнэр
Ихэнхи будаг нь хортой химийн бодис агуулдаг тул удаан хугацаанд будагны үнэр авах, ялангуяа хязгаарлагдмал давчуу орчинд байх нь зөвхөн толгойн өвчний шалтгаан болоод зогсохгүй, хүний биед маш аюултай юм.