Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стивен Эдвард Нейш Монгол Улсад аялахаар ирээд бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр гарсан. Тэрээр Хангай нурууны оргилд гарахаар өөрийн найз Гарет Астоны хамтаар өнгөрсөн наймдугаар сард манай улсад ирээд байхдаа ийн бусдад хорлогдож, амиа алдсан юм. Дэлхий нийтийг цочроосон эл хэргийг 35 настай, нутгийн малчин Г гэх этгээд үйлдсэн болохыг хууль, хяналтын байгууллагынхан илрүүлээд буй.
Манай сурвалжлах групп хүн амины хэрэг гарсан гэх Архангай аймгийн Хангай сумыг зорьж, тухайн үед чухам юу болсон талаар сурвалжлаад ирлээ.
Цагдаагийн байгууллагынхны өгч буй мэдээллээр талийгаачийн цогцос Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг “Хандрахт” гэх газраас олдсон гэдэг.
Бид Тариат сум хүртэл үргэлжлэх төв замаас салж, 70 гаруй км шороон замаар бартаа туулан явсаар Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт очсон юм. Жижиг тэрэг байтугай том оврын автомашин явахад ч бэрх чулуу, шавар ихтэй замтайгаас үзвэл тэр бүр гадна, дотны хүмүүс зорчдоггүй бололтой.
-Талийгаач инээмсэглэсэн, нөхөрсөг хүн байсан-
Бидэнд байгаа мэдээллээр талийгаач Стивен Эдвард Нейш болон түүний хамтрагч Гарет Астоны нар хамгийн сүүлд нутгийн нэгэн малчин айлд хоноод маргааш өглөө нь цааш аялалдаа гарсан гэх. Тиймээс бид хамгийн түрүүнд тэднийг гэртээ хонуулсан Б.Адъяасүрэнгийн малчны хотонд очлоо. Энэ хотонд таван айл байх агаад Стивен Эдвард Нейш, Гарет Астон нар өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Б.Адъяасүрэнгийн гэрийн гадна майхнаа барин, амарчээ. Ингэхдээ тэд орчуулагчгүй, хоёулахнаа явж байсан бөгөөд Монгол-Англи ярианы дэвтэр, газрын зургийн тусламжтайгаар нутгийн иргэдтэй ойлголцож, замаа заалгасан гэнэ.

Энэ талаар Б.Адъяасүрэн ярихдаа “Манай хотонд наймдугаар сарын 30-ны орой хоёр гадаадын иргэн ирсэн юм. Тэдэнд би хоол, цай хийж өгөөд явуулсан. Талийгаач их сайхан зантай, инээж хөхөрсөн хүн байсан. Монгол хэлээр ярьж чаддаггүй юм билээ. Мах, гурил идэж чадахгүй байх гэж бодоод будаатай хоол хийж өгөхөд тэрээр идчихээд манай гэрийн хаяанд майхнаа бариад амарсан. Өглөө түүний найз нь нуруугаа гэмтээсэн гээд аймгийн төв рүү буцаж, талийгаач ганцаараа цаашаа явсан” гэлээ.
Ингээд Стивен Эдвард Нейш /талийгаач/ өөрийн хамтрагч Гарет Астоныг Архангай аймгийн төв Цэцэрлэг хот руу нутгийн иргэний унаанд суулгаж, явуулжээ. Үүнээс нэг цаг орчмын дараа тэрээр аялалаа цааш үргэлжүүлэхээр ганцаараа “Хандрахт”-ын амыг өгсөн алхсан байна.
Энэ үед сэжигтэн Г /түүнийг хөнөөсөн гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээсэн/ түүнийг араас нь дагаж явсаар 13 цагийн үед гүйцэж очсон байж магадгүй хэмээн нутгийн иргэд ярьж байв. Учир нь, Цэцэрлэг хотод хүлээж байсан Гарет талийгаачийн байршил заагч тэр цагт ажиллахгүй, нэг газраа “гацаж” удалгүй чиг заахаа больсныг өгүүлжээ.
Өөрөөр хэлбэл, талийгаач энэ цагт амиа алдсан байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
-Талийгаачийн цогцсыг нутгийн иргэн анх олж, багийн даргадаа мэдэгджээ-

Талийгаачийн цогцос Хангай нурууны дунд байрлах “Хандрахт”-ын амны Цагаанчулуутын өвөлжөө гэх газарт хүний нүдэнд ил харагдахуйц замаас олджээ. Энэхүү өвөлжөө нь түүний хоносон хот айлаас ердөө 20 км-ийн зайд оршдог аж.
Ийн зорьсон газраа хүрч чадалгүй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан алдарт уулчны цогцсыг /2016.08.31/ оройн 18:00 цагийн үед нутгийн малчин анх олж, Тэрх багийн Засаг дарга Б.Олзвойд утсаар ярьж мэдээлсэн байна.
Энэ хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэсэн нутгийн 3-4 иргэнийг саатуулж, авч явсан байна. Тэдний дунд хэргийг үйлдсэн гэх Г байжээ.
Багийн Засаг дарга мэдээллийг авмагцаа Хангай сумын Хэсгийн төлөөлөгч н.Сундуйд мэдэгдэж, удалгүй тэд хэргийн газар дээр иржээ. Ингэхэд талийгаач цээжин тус газраа хутгалуулж, их хэмжээний цус алдсан байдалтай байсан гэнэ. Мөн дэргэд нь түүний аяллын үүргэвч байжээ.
Ингээд Засаг дарга Б.Олзвой, Хангай сумын Хэсгийн төлөөлөгч н.Сундуй нар шөнөжин талийгаачийн цогцсыг манаж хоноод үүрээр цагдаагийн бие бүрэлдэхүүнийг ирмэгц цогцсыг хүлээлгэн өгчээ. Ингэхдээ цагдаа нар энэ хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэсэн нутгийн 3-4 иргэнийг саатуулж, авч явсан байна. Тэдний дунд хэргийг үйлдсэн гэх Г байжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад шунахайн сэдлээр талийгаачийн амийг нь хөнөөсөн гэдгээ хүлээсэн аж.
Талийгаач тухайн үед биедээ 200 гаруй мянган төгрөг, 150 ам.доллартай явсан гэдгийг эх сурвалж хэллээ. Сэжигтэн Г түүний амийг хөнөөснийхөө дараа түрийвчинд нь байсан мөнгө болон бусад бичиг баримтыг нь авчээ.
Шүүх эмнэлгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр талийгаач цээжин тус газартаа хутгалуулж, гадуур болон дотуур их хэмжээний цус алдсанаас амьсгал хураасан гэх дүгнэлт гарчээ.
-Сэжигтэн Г ээждээ “Уучлаарай” гэж хэлээд явжээ-

Гарет Астон болон талийгаач Стивен Эдвард Нейш нарын хамгийн сүүлд хоносон Б.Адъяасүрэнгийн малчны хотонд хэрэгт сэжиглэгдэж буй Г-ынх нь байдаг аж.
Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Г-г 2014 онд малын хулгайн хэргээр шүүхээс сонссон тэнсэн харгалзах ялынх нь хугацаа дуусаагүй байхдаа дээрх хэргийг үйлдсэн гэж мэдээлсэн.
Харин хүн амины онц ноцтой хэрэгт холбогдоод буй хүүгийхээ талаар түүний ээж А.Чимэгээ нулимс асгаруулан ийн ярилаа.
-Танай ойролцоо хүн амины ноцтой хэрэг гарсан талаар та хэдийд мэдсэн бэ. Энэ хэрэгт хүүг тань холбогдуулан саатуулаад байгаа юм байна?
-Миний хүү тархи, толгойны өвчтэй, бүр багаасаа л унаж татдаг байсан юм. Бие муутай болохоор нь сургуульд явуулаагүй. Боловсролгүй дээр нь өвчин нь жаахан сэдэрсэн байсан болохоор л ийм хэрэг үйлдчихлээ. Ах, эгч хоёр маань өөд болчихоод ажил явдал гараад зовлон үзэж ядаж явахад энэ хүү бас ийм хэрэгт холбогдчихлоо. Эгчид нь үнэхээр хэцүү байна. Хэлэх ч үг алга. Юугаа ч нуухав. Хэдэн ах дүү нарынхаа буянд л амьдардаг хүмүүс шүү дээ.
-Талийгаач Стивен Эдвард Нейш найзынхаа хамтаар танай хотонд хоноод өглөө нь аялалаа үргэлжлүүлж байгаад амиа алдсан юм билээ. Тэднийг энд хоноход та байсан уу?
-Эгч нь тэр үед ах, эгчийнхээ ажил явдлыг нь өнгөрөөх гээд хотод байсан юм. Тэгээд хотод байж байтал хэрэг гарлаа гээд дуудагдаад ирсэн. Хүүтэйгээ тухтай уулзаж амжаагүй л байна. /уйлав/ Намайг хотоос ирэхэд хүүг минь баривчлаад явсан байсан. Өчигдөр /2016.09.13/ гэрт авч ирээд эргээд ачаад явсан” гэлээ.
Цагдаа нарыг баривчлаад явах үед хүү нь ээждээ “Уучлаарай” гэж хэлээд явсан хэмээн тэрээр хоолой зангируулан ярьж байв. Биднийг ийн ярилцаж байх үед түүний аав гэрийнхээ хаяанд бодолд автан уул ширтэн суусаар байлаа. Сэжигтэн Г таван хүүхэдтэй айлын том хүү нь ажээ. Эхнэр хоёр хүүхэдтэй боловч тэд нар нь хот руу ажил хийхээр явсан аж.
Тэрээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гэртээ ирсэн үгүйг нь ойролцоо амьдардаг хүмүүс нь анзаараагүй гэнэ. Учир нь сэжигтэн этгээдийн ээжийнх ойрын хоёр хамаатан нь өөд болж, ихэнх хүмүүс нь Улаанбаатар хот руу явсан байж.
-Урьд нь Хангай суманд гадны жуулчдыг хөнөөсөн хэрэг гарч байгаагүй-
Эрт үеэс л зочломтгой гэдгээрээ танигдсан нутгийн иргэн аялагчийн аминд хүрсэн явдал нь олныг эмзэглүүлж байна. Угтаа ямар ч малчныд ороод гарахад цай, ундтай угтаж, аяллын замд нь туслаад гаргадаг уламжлалтай.

Энэ талаар Хангай сумын Тэрх багийн Засаг дарга Б.Олзвой “Манай нутагт ийм хэрэг урьд нь гарч байгаагүй. Гадны иргэн манай багийн нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алдсанд маш их харамсч байна. Малчид маань хэнийг ч ирсэн дайлж, цайлаад гаргадаг. Хүний амьдралд их зүйл тохиолдох юм даа” хэмээн санаа алдаж байв.
Мөн тэрээр цаашид жуулчид багийн нутаг дэвсгэрээр дамжин, аялах тохиолдолд аяллын компаниуд маршрутыг нь заавал мэдэгдэж байхыг санууллаа.
Хангай сумыг гадна, дотны аялагчид тэр бүр зорьдоггүй. Хэрэв ирвэл Ноёнхайрханы рашаан, сувиллын газарт амардаг гэнэ. Харин Хангай нуруунд авирахыг зорьсон аялагчид тун цөөхөн ирдэг байсны нэг нь талийгаас Стивен Эдвард Нейш байжээ.
-Гарет найзынхаа үхэлд өөрийгөө буруутгасаар байжээ-

Талийгаачийн хувьд Монголд ганцаараа ирээгүй. Тэр өөрийн найз Гаретийн хамт Хангай нуруунд авирах зорилготойгоор Монгол Улсад ирсэн гэдэг. Тэд 2006 онд буюу 10 жилийн өмнө Хангайн нуруунд авирахыг зорьж ирсэн ч тодорхой шалтгааны улмаас авиралт хийж чадалгүй буцжээ. Харин энэ удаад тэд зорилгоо биелүүлэхээр ирсэн ч ийнхүү золгүй явдалтай учирсан байна.
Гарет хамтрагчаа алдсандаа маш ихээр харамсаж, түүнийг орхин явсандаа өөрийгөө буруутгаж байсныг түүний байрлаж байсан Зочид буудлын ажилтнууд /нэрээ нууцлахыг хүссэн/ ярьж байлаа. Тэд Архангай аймгийн Цэцэрлэг хотын нэгэн Зочид буудалд байрлаж байжээ.
Тэрээр тэдэнд найзынх нь холбоо тасарсныг байн байж хэлж, санаа зовж байгаагаа ч ярьж байжээ.
Нутгийн хүмүүс түүнийг хөнөөсөн гэдэгт итгэхгүй байна. Тэд үнэхээр нөхөрсөг, сайн хүмүүс байсан.
Ингээд маргааш өглөө нь /2016.09.01/ 09:00 цагийн үед цагдаа нар ирээд түүнд найзыг нь амиа алдсан тухай харамсалтай мэдээг дуулгасан байна. Тэрээр энэ явдалд огт итгэхгүй байгаагаа хэлж, “Миний найз эрүүл чийрэг биетэй. Гайхалтай тамирчин байсан. Түүнд ийм зүйл болох ёсгүй” хэмээгээд аяллын компанийн захирал н.Батбаяр руу ярьжээ. Түүнээс үнэнийг олж мэдсэнийхээ дараа ч Гарет энэ явдалд итгэж ядан байсан гэнэ.
Гарет “Бид 10 жилийн өмнө Монголд ирж байсан. Нутгийн хүмүүс түүнийг хөнөөсөн гэдэгт итгэхгүй байна. Тэд үнэхээр нөхөрсөг, сайн хүмүүс байсан. Найз минь уулнаас унаж, бэртэн амиа алдсан байх магадлалтай” хэмээн хоолой зангируулан өгүүлж байсныг хамт байсан гэх Монгол нөхөд нь ярилаа.

Түүнд дотны андынх нь золгүй явдал тун хүнд цохилт болж, өдөр бүр гашуудан уйлсаар, талийгаачийн цогцсыг түүний эхнэрийн хамт аваад нутаг буцсан аж. Талийгаач 53 настай бөгөөд эхнэр, ээжийнхээ хамт амьдардаг байжээ.
-Аялагчдыг ганцаараа явахгүй байхыг анхаарууллаа-

Хангай нуруу зэрлэг амьтан ихтэй төдийгүй тэр бүр жуулчид зорьдоггүй газар аж. Харин талийгаачийн хувьд өндөр уул руу авираад буухдаа шүхрээр газарддаг хүнд спортын төрөл гэгддэг уулын спортоор хичээллэдэг байсан аж. Тиймээс дэлхийн ноён оргилуудын нэгд багтдаг Хангай нуруунд ийнхүү авирах нь түүний мөрөөдөл байжээ.
Энэ хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тиймээс цаашид аялагчдыг ганцаараа аялахгүй байх, аялж байгаа газрынхаа талаар мэдээлэл сайтай байж, аяллын маршрут, байршлаа цаг ямагт аяллын компанидаа мэдээлж байхыг Ажлын хэсгийн ахлагч, Архангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, Ш.Даваа-Эрдэнэ анхаарууллаа.
Тэрээр “Архангай аймгийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсэг хэргийг шалгаж, 14 хоногийн дотор гэмт этгээдийг баривчилсан. Одоо шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэх мэдээллийг өгсөн юм.