Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Монгол улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн баримт бичиг батлагдлаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д тусгасан хөгжлийн зорилтуудыг хангах, үйл ажил болгоход дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.
Хамгийн чинээлэг бүлгийнхний эрүүл мэндийн зардал хамгийн ядуу давхаргын хүмүүсийнхээс бараг 20 дахин илүү байна
НҮБ-ын Монгол Улсын дараагийн таван жилийн хөгжлийн хөтөлбөрт ядуу, нийгмийн орхигдсон бүлэгт харьяалагдах хүмүүстээ анхаарал хандуулж, нийгмийн тэгш бус байдлыг багасгахад төвлөрөхийг сануулсан байна. Түүнчлэн, нийгмийн ил тод байдлыг сайжруулж, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдсан байна.
Хүн амын хамгийн ядуу давхаргын хүмүүс хувьд эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн их хэрэгцээтэй байдаг боловч тэд хэрэгцээний хирээр үйлчилгээний авч чаддаггүй
Манай улс хөгжлийн хувьд дэвшил гарсан ч чанартай нийгмийн суурь үйлчилгээг тэгш нийтээрээ хүртэх нөхцөл байдал бүрдээгүй хэвээр байна. Тухайлбал, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний үзүүлэлт зогсонги байдалтай байгаа нь өнөөгийн тэгш бус байдлаас харагдаж байна. Улсын хэмжээнд цэвэршүүлсэн ундны усны хэрэглээний түвшин 64 хувь, ариун цэврийн сайжруулсан байгууламжийн хэрэглээ 59 хувьтай байгаагаас гадна энэ нь газар зүйн байршил, орлогоос хамааран ихээхэн ялгаатай байна. Цэвэршүүлсэн ундны усны хэрэглээ хотод 73 хувь, хөдөө орон нутагт 58 хувьтай байна. Энэ үзүүлэлтийг орлогын түвшнээр авч үзвэл бүр их ялгаа харагдаж байгаа юм.
Хүн амын хамгийн ядуу давхрагын зөвхөн 41 хувь нь цэвэршүүлсэн усны нөөцийг ашиглаж байхад хамгийн чинээлэг бүлгийн 99.9 хувь нь эдгээр үйлчилгээг ашигладаг. Түүнчлэн хотын төвд ариун цэврийн сайжруулсан байгууламжийг оршин суугчдын 69 хувь, орон нутагт 39 хувь, хамгийн ядуу давхрагын зөвхөн 19 хувь, хамгийн чинээлэг бүлгийнхний 99.5 хувь нь тус тус ашиглаж байна. Амьжиргааны түвшин дээшилж, ундны ус, ариун цэвэр, эрүүл мэндийн чанартай үйлчилгээнд хамрагдах боломж нэмэгдсэн нь хүн амын дундаж наслалт уртсахад нөлөөлж байгаа ч эдгээр үйлчилгээг нийгмийн бүх давхарга тэгш хүртэж чадахгүй байна.
Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн болон эрүүл мэндийн тогтолцоог баримт нотолгоонд үндэслэн бэхжүүлж, бодлого, дэд бүтэц, мэргэжилтэй боловсон хүчин болон нөөцөөр тууштай дэмжих шаардлагатай нь харагдаж байна. Тухайлбал, ил бие засах явдлыг багасгах, хувийн эрүүл ахуйг гараа угаах зэргээр сайжруулах, сургууль, дотуур байр, эрүүл мэндийн төвүүдийн цэвэр усны болон ариун цэврийн аюулгүй менежменттэй байгууламжуудын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай тухай НҮБ-аас сануулж байгаа юм.
Тэгш бус байдал эрсдэлд хүргэх аюултай
Тиймээс НҮБ-аас судалгаа, шинжилгээний дүгнэлт, үр дүнд үндэслэн Монгол Улсад дараагийн таван жилд дараах үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго тавьжээ. Ингэснээр Монгол Улсын дээд ангиллын дунд орлоготой улсын байр сууриа бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг дэмжих юм.
Нэг. Байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих
2021 он гэхэд ядуу болон эмзэг хүн амын гэнэтийн гамшгийг даван туулах чадвар нэмэгдэж, хүртээмжтэй өсөлт болон эрүүл экологийн тогтолцооны үр шимийг эдлэх зорилт тавьсан. Ядуу болон эмзэг хүн амын байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үр дагаварыг бууруулах чадварыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг НҮБ-аас онцолсон. Энэ нь биелэлээ олсноор олон нийт, хувь хүмүүсийн байгалийн болон эдийн засгийн хямралыг даван туулах чадвар сайжрах, эдийн засаг төрөлжсөнөөр зохистой хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэх, өсөлтийн үр шимийг нийтээрээ хүртээмжтэй эдлэх боломж бүрдэнэ.
Хоёр.Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх
Нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоо, ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд тэгш, шударга хамрагдах нь Тогтвортой хөгжлийн зорилт болон “хэнийг ч орхигдуулахгүй” байх дэлхий дахины зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол хүчин зүйл байна хэмээн НҮБ үзэж байна. Бүх нийтийг нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах ажилд бодит эргэлт гаргахын тулд олон чиглэлт/олон үе шаттай аргачлалыг өнөөгийн болон шинэ түншүүдтэй хэрэгжүүлэх, статус-квот өөрчлөх болон бодлого, хэрэгжилтийн түвшинд шийдэмгийн арга хэмжээ авах шаардлагатай байна.
Гурав. Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх
Монгол улсын ард иргэд тогтвортой хөгжлийн үр шимийг эдлэх, ялангуяа ядуу болон орхигдсон хүн амын хэрэгцээг нэн тэргүүнд хангахад чиглэгдэнэ. НҮБ нь Монгол Улсын Засгийн газар болон хөгжлийн бусад түншүүдтэй хамтран ядуу болон орхигдсон хүн амыг тогтвортой хөгжлийн хөтөлбөрт мэдээлэлтэй, идэвхтэй оролцуулах, төр засгийн байгууллагуудад хүлээлгэх итгэлийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуучуудын төлөөллийг хангах чиглэлээр ажиллана. НҮБ нь Монгол Улсын ардчилсан инститүүцүүдэд харилцан тайлагнах, илүү ил тод байх зарчмыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хүний эрхийг тунхаглан, дээдлэн хамгаалдаг, илүү оролцоотой нийгмийг байгуулахад дэмжлэг үзүүлэх юм.
Дээрх чиглэлийг барин ажилласнаар “Монгол улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэхэд нэг алхам урагшлах юм. Тэгвэл Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал гэж юу вэ?
- Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл, баримтлал гэж юу вэ -
Монгол Улс нь дээд ангиллын дундаж орлоготой улсын түвшинд 2015 онд хүрсэн боловч эдийн засгийн өсөлт жигд бус, орон нутаг болон хүн амын хөгжил тэгш бус зэрэг хүндрэлүүдтэй тулгарсаар байна.
Монгол улс урт хугацааны хөгжлийн чиг, баримжаагаа тодорхойлж, 2016 оны хоёрдугаар сард УИХ-аар “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталсан юм.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол улс 2030 он гэхэд:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ “Монгол Улсын тотвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, үндэсний хөгжлийн зорилтуудаа дэлгэрэнгүй танилцуулахаар болжээ.