Жүжигчин С.Өлзийхүүгийн “Хас урлан” студи, “Шүүдэр” продакшн  хамтран залуусын сэдэвт адал явдалт төрлийн “Галзуу зугаалга” нэртэй дэлгэцийн шинэ бүтээлээ толилуулахад бэлэн болсон байна.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай онц сонирхолтой үйл явдалтай энэ киноны гол дүрүүдэд “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг, жүжигчин Х.Баярмаа, “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч загвар өмсөгч Э.Энхболд, С.Сарнай, жүжигчин Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун , “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа нарын жүжигчид тоглож, найруулагч  Ц.Хүсэлбаатар найруулжээ.

Их сургуулийн нэг ангийн долоон найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарна. Гэтэл Мишээлийн найз залуу Билгүүн зугаалганд явсангүй. Хүн бүхний төлөө санаа тавьж явдаг, ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан иртэл тэнд залуусыг санаандгүй аюул хүлээж байжээ.

“Галзуу зугаалга” киноны зураглаачаар Америк зураглаач Крис Мартин ажиллаж, 4k форматаар зургаа авсан аж.

Энэ кинонд эрэмгий, адтай бүсгүй Хулангийн дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа киноныхоо зураг авалтуудаа дуусгаад Америкт үргэлжлүүлэн сурахаар хүлгийн жолоо залсан бол, Билгүүний дүрд тоглосон загвар өмсөгч Э.Энхболд Хонконгод болж буй “Азийн топ модель” тэмцээнд оролцохоор явжээ.

Найруулагч Ч.Хүсэлбаатарын дэлгэцийн шинэ бүтээл “Галзуу зугаалга”-ын нээлт энэ сарын 23-нд болох нь ээ.