
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Наадам эхэлсэнээс хойш Монгол Улсын баг тамирчид нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байв. Тэгвэл өчигдөр манай үндсэн төрөл болох жүдо, чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж эхэллээ.
Марафонч Б.Сэр-Од тэргүүтэй хөнгөн атлетикийн баг улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өчигдөр өндөрлөж, БНХАУ, Япон, Бахрейн улсын шигшээ баг 9-с дээш алтан медальтайгаар тэргүүллээ. Энэ төрөлд 18 орон ямар нэгэн медаль хүртсэнээс БНСУ гурав, Саудын Араб хоёр, Вьетнам нэг хүрэл медальтайгаар 16-18-рт байрт бичигдлээ. Вьетнамын хөнгөн атлетикийн баг холимог багийн 4х400 метрт хүрэл медаль хүртэж, Азийн наадамд түүхэн амжилт үзүүлсэн юм.
Монгол Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн 14 тамирчин оролцож, үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэднээс хамгийн онцлох нь, 54 жилийн турш хадгалагдсан эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай гүйлтийн улсын дээд амжилт байв.
Энэ төрөлд С.Номин-Од 14,98 секундын амжилтыг үзүүлж, 1974 онд Б.Нямсүрэнгийн тогтоосон амжилтыг шинэчилсэн юм. Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж буй С.Номин-Од Азийн наадмын түүхэнд анх удаа 100 метрийн халхалттай гүйлтэд уралдлаа. Тэрээр алдарт марафонч, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Одын охин юм.
С.Номин-Од Азийн наадамд анх удаа оролцохдоо Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна аав, ээжийн хамт оролцлоо. Түүний ээж О.Оюунтуяа марафоны шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг юм.

Олимпын эрхийн төлөө өрсөлдсөн байтынхан тэмцээнээ дуусгалаа
Байт харвааны шигшээ баг энэ наадмын гол анхаарал татсан багийн нэг юм. Учир нь “Ханжоу-2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд тэргүүтэй харваачид 2028 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөж байгаа нь онцлог байв. Учир нь энэ наадмаас байт харвааны олимпын зайн төрөл болох 70 метрийн рекурвт багийн, хувийн төрөлд олимпын эрх олгож байгаа. Мөн 50 метрийн компаунд холимог багийн медальтнууд “Лос-Анжелес 2028”-ыг зорих учиртай. Гэвч энэ удаа манай харваачид хувийн болон багийн харваанд хоёрдугаар тойргоос хэтэрсэнгүй. Тодруулбал, эдгээр өдрүүдэд болж буй байт харвааны шөвгийн наймын харваанд Монгол Улсын баг шалгарч чадсангүй.
Байт харвааны багийн харваанд Энэтхэгийн харваачид онцгой амжилтыг үзүүлж, одоогоор гурван алтан медаль хүртээд байна. Энэ төрөлд олимп, ДАШТ-д үнэмлэхүй амжилтыг үзүүлдэг БНСУ-ын харваачид нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Байт харвааны тэмцээн энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэн явагдана.
Жүдо бөхийн төрлөөс алтан медаль хүртлээ
Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн барилдаан өчигдрөөс эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк алтан медаль хүртэж, Монголын багийн хүлээж байсан аварга цолтон тодорлоо. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртэж, Азийн наадмын медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д 60 кг-д хүрэл медаль хүртсэн Кадербекийн Ёолк энэ жилээс эхлэн 66 кг-д барилдаж байгаа. Тэрээр Азийн наадамд шинэ жиндээ анх удаа барилдаж Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. К.Ёолк Монгол жүдочдоос Азийн наадмаас хүртэж буй найм дахь аварга цолтон боллоо. Тодруулбал, жүдочдын 2014 оны хойш тасалдаад байсан алтан медалийн буухиаг К.Ёолк үргэлжлүүлэв.
“Айчи-Нагоя” Азийн наадамд Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдээс олон улсын шүүгч Г.Нямцогт ажиллаж байна. Тэрээр наадмын шийдвэрлэх барилдааныг дэнсэлж эхэллээ.
Жүдогийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай гурван бөх барилдаж байна.

Чөлөөт бөхийн медалийн төлөөх өрсөлдөөнийг Э.Дэлгэрмаа эхлүүлэв
Монголын чөлөөт бөхийн шигшээ баг энэ удаагийн наадамд чөлөөтөөс гадна сонгомол барилдаанаар оролцож байгаагаараа онцлог болж байна. Монголын бөхчүүдээс сонгомол бөхийн 67 кг-д Н.Ганбаяр, 87 кг-д Г.Төрболд, 130 кг-ын жинд Б.Намбардагва нар барилдаж Азийн наадмыг эхлүүлсэн.
Харин чөлөөт бөхийн эхний өдөр дэвжээнд гарсан бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа тавдугаар байр эзэллээ. Тэрээр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн хошой аварга Лонг Жианд 7:6-аар ялагдаж, медалийн оосроос атгаад алдлаа.
Э.Дэлгэрмаагийн хувьд, хоёр Азийн наадамд дараалан медалийн төлөө өрсөлдөж, энэ удаа тавдугаар байр эзлэв. Тэрээр "Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.
Өнөөдөр чөлөөт бөх болон сонгомол бөхөөр манай бөхчүүд дэвжээнд гараад байна.
Монгол Улсын баг Мьянмар, Шри Ланк, Арабын нэгдсэн Эмират улсын араас 26-р байрт жагсаж байна
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадмыг тэргүүлж буй БНХАУ-ын багийн алтан медаль 151-д хүрч нийт 277 медальтайгаар тэргүүлсэн хэвээр байна. Наадмыг зохион байгуулагч Япон улсын баг 50 алт, 77 мөнгө, 73 хүрэл медальтай, нийт 200 медальтайгаар удаалж буй. БНСУ 24, Узбекистан 16, Тайланд 12 алтан медальтайгаар эхний тавд бичигдэж байна.
Монгол Улсын баг жүдо бөхийн нэг алтан медальтайгаар Макао, Йордан, Мьянмар, Шри-Ланк, Арабын нэгдсэн Эмират улсын араас 26-р байрт жагсаж байна. Манай улсын баг наадмын эхний өдөр дугуйн төрлөөс хүрэл медаль хүртээд байсан юм. Энэ амжилтыг өчигдөр бокс, и-спорт, жүдо бөхийн тамирчид үргэлжлүүлж эхлэв. Манай баг тамирчид одоогоор нэг алт, дөрвөн хүрэл медальтайгаар 26-р байр луу дэвшлээ.
Өнөөдрийн байдлаар 44 орноос 37 орон медаль хүртээд байна.
