УИХ-ын чуулганы хуралдаан татвар нэмэх асуудлаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
“Сангийн сайд Б.Чойжилсүрэн 201-205 м.кв байртай хүн сард 400 мянган төгрөгийн татвар төлнө гэж мэдээлээд байгаа. Тэгээд нягтлаад үзэхээр ийм тохиолдолд сард 4 сая 500 мянган төгрөг төлөх тооцоо гарч байна. Яг хэдийг төлөх тооцоо гаргаад байгаа юм бэ” гэх асуулт дайв.
Энэ талаар Б.Чойжилсүрэн сайд “Бид хоёрдугаар хэлэлцүүлгээ хийж байна. МАН мөрийн хөтөлбөрөөсөө ухраагүй ээ. Манай мөрийн хөтөлбөрт байгаа шүү дээ. Эдийн засгийн уналтыг зогсоож, эргэн сэргээнэ гэж. Энэ мөчлөгийг хоёр хувааж байгааг би хэлсэн. Одоогийн эдийн засаг ямар байгааг ойлгуулах гэж дахин дахин яриад байгаа. 150 м.кв-ээс дээш орон сууцтай иргэдийг 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлээд 0.3 хувийн татвар авахаар сард 450 мянга орчим болж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
"Би Засгийн газар, Сангийн сайд руу улаан лооль руу шидмээргүй байна. Эдийн засгийн хүнд нөхцөл өнөөдөр Сангийн сайд, Ерөнхий сайдыг ийм байдалд оруулчихлаа. Би нэг л зүйл асуух гэсэн юм. Улсад 36 жилээр нь тасралтгүй ажилладаг хэр олон хүн байдаг юм бэ. Энэ хүмүүст өгдөг тэтгэмжийг 12 болгоё гэх санал орж ирээд байна. 36 жил тасралтгүй ажилласан хүнийг эдийн засгийн боломж сайжиртал тухайн хүнийг ажиллах нөхцлөөр хангах боломжийг судалсан уу” гэх асуултыг тавилаа.
Б.Чойжилсүрэн сайд “Хямралын цаг үе тодорхой хугацаатай арга хэмжээ. Хямрал гайгүй болохоор бид төсвийн бодлогоо сулруулна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж бид энэ арга хэмжээг авч байна. Аргаа барсандаа өнөөдөр халамжуудыг танаж байна. Төрийн сангийн нэгдсэн дансанд 155 тэрбум төгрөг байна. Одоогоор бид 36 жил ажилласан хүмүүсийн талаарх таны саналыг судлаагүй байгаа” гэв.