
Ипотекийн зээл цаашид үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Зарим эх сурвалж ипотекийн зээлийг Засгийн газраас зогсооно гэж мэдээлсэн бол Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын ипотекийн корпораци өөр байр суурьтай байна.
-Зээлийн эргэн төлөлтөөс хамаарч ипотекийг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ-
Энэ талаар Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Л.Гантөгс ийнхүү ярилаа.
-Ипотекийн зээлд хамрагдахаар өнгөрсөн зургаадугаар сараас хойш материалаа өгсөн иргэд зээл нь гарахгүй байгаа гэх мэдээлэл өгч байна. Энэ ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?
-Ипотекийн зээл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт нэлээд өөрчлөлт орсон. Тухайлбал, Засгийн газрын зүгээс 5 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгуулийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шийдвэрлэж, зохих журамд нь өөрчлөлт оруулсан. Сонгуулийн жил тохиосонтой холбогдуулан ипотекийн зээл үргэлжлэх эсэх талаар олон нийтийн дунд янз бүрийн таамаг гарч байна. Мөн хэвлэлээр олон талын байр суурь илэрхийлэгдэж байгаа. Ялангуяа эдийн засагчдын зарим нь энэ хөтөлбөрийг шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь үргэлжлүүлэхийг дэмжиж байна. Тиймээс Ипотекийн корпораци, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хөтөлбөрт оролцож байгаа бүх талуудыг оролцуулж, олон нийтэд явцыг нь танилцуулахаар шийдвэрлэж, өнөөдөр /өчигдөр/ уулзалт зохион байгуулж байна.
-Зээлийн эргэн төлөлт 99.9 хувьтай байна-

-Ипотекийн зээлийн хэрэгжилт ямар байгаа вэ. Одоогоор хэчнээн өрх хамрагдсан бэ?
-Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн гэж үзэж байна. Одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны 8 болон 5 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр өрхөөс 3.8 их наяд төгрөгийн зээл зах зээлд бүрэлджээ. Энэ бол асар том хөрөнгө. Үүнийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шинэ Засгийн газар зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.
-Зээлийн эргэн төлөлт сайтай айл өрхийн зээлийг худалдан авч үнэт цаасны зах зээлд арилжаална гэх мэдээлэл бий. Энэ талаар?
-Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ СХЗ-ноос зохих зөвшөөрөл авч, хуулийн дагуу 9 тусгай зориулалтын компани байгуулаад 2.4 их наяд төгрөгийн үнэт цаасыг баталгаажуулсан. Үнэт цаасны шинж чанар хэвээрээ байгаа. Эхний ээлжинд 20 жилийн хугацаатай байна. Давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүү нь 4.5 хувьтай хэвээр байна. Энгийн эрхтэй буюу хамгийн эрсдэлтэй үнэт цаасны хүүгийн хувь нь 10.5 хувьтай байна. Энэ хөтөлбөрт нийтдээ өнгөрсөн хугацаанд 51 мянган айл өрх хамрагдсан байгаа. Цаана нь арилжааны банкуудад 200 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны зээл үнэт цаасанд хамрагдахаар хүлээгдэж байна.
-Зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?
-Зээлийн эргэн төлөлтөд МИК өдөр бүр хяналтаа тавьж байна. 2013 оноос хойших зээлийн эргэн төлөлт 99.9 хувьтай явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүх зээл хэвийн төлөгдөж байгаа бөгөөд 0.5 хувь нь зээлээ төлөх боломж нь хомсодсон байдалтай байгаа юм.
-Ипотекийн зээл үргэлжлэх боломжтой-

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц дараах тайлбарыг өгч байна.
-Ипотекийн зээлийг үнэт цаасжуулж байгаа шүү дээ. Энэ удаагийн үнэт цаасны онцлог нь юу вэ?
-Бид тусгай зориулалтын 9 компанийг байгуулж, 2.1 их наядтай тэнцэх хэмжээний Моргейжийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг баталгаажуулаад байна.Бид олгосон зээлийг үнэт цаасжуулж байгаа. Энэ нь зээлийн эргэн төлөлт, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан харьцангуй бодитой зүйл.
-Цаашдаа энэ хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн бодит боломж бий юу?
-Цаашид ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын түвшинд шийдэх байх. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид урт хугацаанд үргэлжлэх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдээ санхүүжүүлээд явах боломж бий. Өнгөрсөн хугацаанд ТЗК-иудаас төлөгдсөн мөнгө, үнэт цаашжуулалтын хэмжээ, эргэн төлөлтийн асуудал, цаашид холбогдох төрийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ярилцахаар ажил хэргийн уулзалт хийж байна. Бидний зүгээс зээл цаашид үргэлжилнэ. Хүү нь тэд байна гэж хэлэх боломжгүй.
Дараагийн зээлийн эх үүсвэрийг олгосон зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм байна. Зээлийн өргөн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс эргэн төлөлтийн мөнгөний урсгал тасралтгүй эргэлдэх тул цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг албаныхан онцолж байна. Бондын төлбөрт одоогоор 2014 оны гуравдугаар сараас хойш 400 гаруй тэрбум төгрөг шилжсэн байна. Энэ мөнгө сүүлийн 36 сарын турш эргэлтэд орж дараагийн өрхүүдэд хүрч байгаа аж.
-Ипотекийн зээлийг нийслэлд 8, орон нутагт 5 хувь болгон үргэлжлүүлнэ-
Тэгвэл энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр "Ипотекийн найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ нийслэлд найм, орон нутагт энэ зээлийг таван хувь болгон бууруулна. Мөн төлөх хугацааг сунгаж, сард төлөх төлбөрийг бууруулах бодлого баримтална. Үүний зэрэгцээ ипотекийн зээлээр иргэдийг 80-110 м.кв орон сууц авах боломжийг судална. Ажлын хэсэг байгуулж энэ бүхнийг судална. Одоо бол 80 м.кв орон сууц худалдан авах боломжтой байгаа. ТОСК-ийг татан буулгана. Гэхдээ түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж ажиллана" гэжээ.
Банкууд ипотекийн зээлийг олгож байгаа юу...

Зарим арилжааны банкууд ипотекийн зээлийн хүү өөрчлөгдөх эсэхээс хамаарч шийдвэр гаргахаар ийнхүү хүлээж байгаа аж.