Google компанийн ховордсон хэл төсөл Монгол Улсад устаж, үгүй болох аюулд орсон хэлийг харуулжээ. Үүнд дархад болон духа хэл орсон бөгөөд дархад хэлээр 20400 орчим хүн ярьдаг бол духа хэлээр 500 орчим буюу хамгийн бага хүн ярьдаг болохыг тогтоосон байна. CNN агентлаг духа хэл мөхлийн ирмэгт ирснийг онцолсныг Ийгл Ньюс телевиз "CNN онцолж байна" нэвтрүүлгээрээ сурвалжлан, цаатан түмний аж байдлын тухай хүргэсэн билээ. 2100 он гэхэд дэлхийн долоон мянга гаруй хэлний тал хувь нь устаж, үгүй болох аюул нүүрлээд байгаа тухай Дэлхийн Байгаль хамгааллын байгууллагаас мэдэгджээ.
Сэтгүүлч Марин Гаутир Монгол Улсад ирж цаатан хүмүүсийн амьдралын хэв маяг, соёл уламжлалаа хадгалж үлдэхийн тулд хэрхэн тэмцэж буй тухай нийтлэл бичсэнийг “The Guardian” сонин нийтэлжээ. Уг нийтлэлийг зохиогчийн зөвшөөрлөөр албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.
Бодит байдлыг мэдээгүй, сонсоогүй олон хүмүүст дуу хоолойгоо хүргэмээр байна. Бид орон гэртээ тайван амьдарч, эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна”
ОХУ-ын хилээс хэдхэн километрийн зайд орших Монголын тайгад өнө эртний ёс заншил, өв уламжлалаа хадгалж үлдэхээр 250 цаатан амьдарч байна. Тэд өвөг дээдсийнхээ нэгэн адил угсаатны хэл соёл, өв соёл, уламжлалт ёс заншлаа авч үлдэхийн тулд цаа хариулж, ангийн махаар хооллож, ойн цоорхойд аж төрсөөр. Эдгээр хүмүүс онгон байгаль, ховор нандин хэл соёл, өв уламжлалаа хамгаалж байгаа ч энэхүү нөхцөл байдал эргээд тэдний ирээдүйд оршин тогтнох эсэхэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна.
Хоёр хүн, нэг тулаан
Ганбат, Төмөрсүх хоёр 50 жилийн өмнө тайгад орших нэгэн тосгонд төржээ. Амьдралынхаа бүхий л он жилийг өв соёлоо хадгалж үлдэхийн төлөө зориулсан ахмад буурлуудаа дурсан ярихдаа тэдний нүд гэрэлтэж байлаа. Монгол Улсын зүүн хойд хэсэгт орших цасанд хучигдсан тайгын ойн бүсээс хамгийн ойрын хот болох Мөрөнд хүрэхийн тулд автомашинаар хоёр цаг явах хэрэгтэй. Нутгийн иргэд энэ замыг морь болон цаа бугаар туулах нь олонтаа.

Төмөрсүх “Би энэ газар төрснөөрөө бахархаж явдаг. Аав минь намайг бага байхад ой руу дагуулж явдаг байсан нь хожим нутгийнхаа тухай арван хуруу шигээ мэдэж, энэ газрыг хайрлан хамгаалах сэтгэл бий болгосон юм. Улаанбаатар хот руу суралцахаар явахдаа заавал буцаж ирнэ дээ гэж бодож байлаа. Харамсалтай нь хүсэл мөрөөдлөө ойлгож ухаарахад даан ч олон жилийг зарцуулсан даа. Одоо би Байгаль орчны яамны дэргэдэх Хөвсгөлийн бүс нутаг хамгааллын менежерээр ажиллаж байна.
Би 1987 онд уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас бүс нутгаа хамгаалах, хамгаалах шаардлагатай бүсийг тогтоох боломжтой болсон юм. Тухайн үед уул уурхайн компаниуд фосфор олборлохын тулд их хэмжээний уул толгодыг эхээр малтаж байсан. Нутгийн иргэд бид тэдгээр компаниас байгаль орчноо хамгаалахын тулд чадах ядахаараа л тэмцэж байлаа. Тайга бол маш эмзэг, тэр хэрээрээ маш үнэ цэнэтэй газар. Энэ бол хүнд заяаж болох хамгийн ховор төрлийн гэр орон, яг л цасны ирвэс, янгир, хандгай зэрэг ховордсон амьтад, ургамлын төрөл зүйлийн нэгэн адил ховордсон бүс нутаг, хэл соёл, үндэстэн угсаа юм. Засгийн газар ч үүнийг ойлгож, хадгалж үлдээхийн тулд арга хэмжээ авч эхэлсэн” хэмээн бидэнд хуучиллаа.

Цаатнууд модоор хийсэн содон хийцтэй гэрт амьдрах ба үүнийг “урц” хэмээн нэрийддэг. Урцандаа эхнэртэйгээ зэрэгцэн суух Ганбат бидэнтэй илэн далангүй яриа өрнүүлэхээс цааргалсангүй. Тэрээр “Тайга бол бидний амь амьдрал. Нутгийн хүмүүс бид тайга, газар нутгаа хамгаалахын тулд эндээ амьдрахаас илүү дээр зүйл даанч хийж чадахгүй юм. Төдийгөөс өдий хүртэл өвөг дээдсийнхээ зааж сургаснаар байгаль дэлхийгээ хүндэлж, чадахаараа хамгаалж явна даа. Тайгын бүс нутгаа хайрлаж, дээдлэх нь бидний заавал гүйцэлдүүлэх ёстой үүрэг гэж боддог. Цаа буга бол бидний бахархал” гэж ярилаа.
яг л цасны ирвэс, янгир, хандгай зэрэг ховордсон амьтад, ургамлын төрөл зүйлийн нэгэн адил ховордсон бүс нутаг, хэл соёл, үндэстэн угсаа юм.
Тайга бол маш эмзэг өртөмтгий газар билээ. Ганбат, Төмөрсүх нар энэ тухай сайн мэддэг учраас бүх насаараа энэ бүс нутгийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнолын төлөө тэмцсээр ирсэн жирийн иргэд юм. Гэсэн ч энэ хоёр хүний нөхцөл байдал харилцан өөр тул тайгыг хамгаалах тал дээр зарим үед зөрчилдөхөд хүрдэг аж.
Төмөрсүх бол уул уурхайн үйл ажиллагаа явуулахын эсрэг тууштай зогсдог хүн. Хэдийгээр уул уурхай Монгол Улсын дундаж орлоготой айл өрхийн эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болдог ч газар доорхи баялгийг олборлохын тулд байгаль, газар нутгаа сэндийчсэнээр хүрээлэн буй орчныг сүйтгэж, хөрсийг эвдэх аюултай.

Ганбат бол өдгөө тайгад амьдарч буй 250 хүний нэгэн төлөөлөл, дэлхий дээрх хамгийн жижиг угсаатны бүлгийн нэг болох духа хүн юм. Духачууд дотроо хамгийн өндөр настай Ганбатыг хэзээд бусдынхаа үгийг анхааран сонсдог цэцэн хүн гэдгээр нь нутгийн иргэд анддаггүй билээ.
Оросоос гаралтай духачуудын (монголоор цаатан, тува хэмээн нэрлэдэг) амьдрал Финляндын лапландэрчуудтай төстэй. Адилхан цаа буга тэжээдэг тэдний нэг нь Хойд туйлд, нөгөө нь тал нутагт нүүдлийн хэлбэртэй аж төрдөгөөрөө ялгаатай.
Духа иргэд цаа бугын бэлчээрлэх газрыг даган нүүдэллэж, аж төрсөөр иржээ. Цаатангууд ургамал ногоо тариалдаггүй бөгөөд цаагаас өөр амьтан хариулж, тэжээдэггүй ажээ. Тэд өдөр ирэх тусам тоо толгой нь хорогдсоор байгаа цаагаа өсгөн үржүүлэхийн тулд зөвхөн сүүг нь уудаг бөгөөд ангийн махаар хүнснийхээ хэрэгцээг хангасаар байна.
Дашрамд дурьдахад, духачууд Дэлхийн 2-р дайны дараа л өөрсдийгөө монгол нутагт байгаагаа мэдсэн гэдэг. Энэ нь духа угсаатан тайгад хүссэн газраа нүүдэллэж дадсантай холбоотой байжээ. “Бид тухайн үед Монголын хилээр нэвтэрснээ мэдээгүй. Цаа буганууд шим тэжээлтэй, хангалттай хэмжээний бэлчээртэй газар руу явахад нь дагаж явсаар хожим нь Монголд байснаа мэдсэн. Дайны үеэр Оросын цэргүүд духа эрчүүдийг дайнд татан оролцуулахыг зорьж байлаа. Бид алс хол нутагт өрнөж буй дайнд эрчүүдээ явуулахыг хүсээгүй. Ингээд бид өмнө зүг рүү нүүж, оросууд хилээ хааснаар духа иргэд Монголд үлдсэн түүхтэй гэж Ганбатын эгч бидэнд тайлбарласан юм.

Уулын хөндийд амьдардаг, цус холилдоогүй цөөхөн угсаатнуудын нэг болох духачуудын хувьд Монголын газар нутагт амьдрах эхэндээ таатай байв. Тайгын тухай өргөн мэдлэгтэй, чадварлаг анчид болох духа иргэдийг Монголын социалист Засгийн газрын үед улсын анчдаар ажиллуулж байжээ.
Олцэн гуай бол цаа буганд аюултай амьтан болох баавгайн эсрэг зогсож чаддагаараа алдаршсан, шилдэг анчдын нэг. Тэрээр “Аав минь улсын анчин байлаа” хэмээн бахархалтайгаар хэлээд “Миний аав тосгон руу бууж мах авчирч, гурил, хүнсний ногоотой ирдэг байлаа. Гэвч Социалист Засгийн газар нуран унасаны дараа аав ажилгүй болсон юм. Гэсэн ч бид амжиргаагаа залгуулахын тулд чадах ядахаараа худалдаа хийж, амьтны арьс үс, мах зарах болсон. Жуулчид ирдэг болсон учир гар урлалын бүтээл хийж, тэдэнд худалдаж эхэлсэн” хэмээлээ.
Нөхцөл байдал улам дорджээ
Өөрийн гэсэн тодорхой газар нутаггүй, цөөхөн цаатангуудын амьдрал улам хүндэрсээр, 2011 онд гэхэд үндсэндээ өөрчлөгджээ.
“Тайгыг арван жилийн турш судалсан гэх хүмүүс бидэн дээр ирээд шинэ хуулиар энэ бүс нутаг үндэсний дархан цаазат газар болсон. Тиймээс дахин ан хийж болохгүй бөгөөд зөвхөн гурван хэсэг газарт л бэлчээрлүүлэхийг зөвшөөрсөнийг дуулгажээ. Ингээд бид Тэнгис гол болон Гугнед хөндийн хооронд бэлчээрт гарах боломжгүй болсон. Ан хийж голоо зогоож байсан бид ан хийлгүйгээр яаж амьдрах юм бэ?
Духачууд ч хуулийн хэрэгжилтийн тухай мэдлэг мэдээлэлгүйн улмаас батлагдсан хуулийн хэрэгжилтийг хянаж, эрхээ эдэлж чадахгүй байна.
Цаа бугыг бэлчээрлүүлэхэд ноходоор хамгаалдаг байлаа. Гэтэл ан хийхийг хориглосноос хойш нохой байлгахыг ч мөн адил зөвшөөрсөнгүй. Үүний уршгаар маш олон цаа буга чононд бариулсан. Тиймээс бидний гол амьжиргаа болсон цаа бугыг хамгаалах тал дээр анхаарал хандуулах нь бидний эрх бөгөөд үүрэг юм.
Монгол Улсын хуулиар Тэнгис Шишгэдийн Дархан цаазат газар ан хийхийг хориглосон. Түүгээр зогсохгүй загасчлах, мод огтлохыг ч мөн хориглодог бөгөөд зөвхөн цөөн тооны нөхцөлд л биологийн төрөл зүйлийг хадгалах зорилгоор дээрхийг зөвшөөрдөг хуультай.

Саяхан энэ газрыг хамгаалуулахаар ой хамгаалагчдыг илгээсэн. Хотын залуу хүмүүсээс бүрдсэн ойн цагдаа нар болон тайгад хэдэн зуун жил болсон духачуудын хоорондох харилцаа амар биш. Тэд цаатан иргэд хэрхэн аж төрдгийг мэдэхгүй.
Биднийг энд амьдрахыг, цаашид оршин тогтнохыг хүсэхгүй байгаа мэт санагддаг. Хаа явсан газар биднийг мөшгиж, хөвгүүдийг минь ан хийсэн эсэхийг шалгаж, бидэнд амьсгалах ч боломж олгохгүй байна. Бид үнэхээр амьдрахын тулд ан хийхээс өөр аргагүй. Өөрсдийгөө дулаацуулахын тулд мод хагалахаас өөр аргагүй. Цаа бугаа тэжээхийн тулд бэлчээрлүүлэхээс өөр сонголтгүй шүү дээ. Хэрэв энэ бүхэн хууль бус юм бол бид эрх чөлөөт хүмүүс биш болж таарч байна” хэмээн 20 хэмийн хүйтэн, салхитай өдөр Буянтогтох гуай бидэнд учирлан ярьсан билээ.
Харин Олцэн гуай “Тэд биднийг тал нутгийн монголчууд байхыг хүсдэг юм бол уу. Би энд амьдрахаас өөр зүйл хийж мэдэхгүй. Гэхдээ тайгаа хэнээс ч илүү мэднэ. Энэ уулын булан тохой бүрийг андахгүй мэднэ. Ан амьтан авлахдаа ч өвөг дээдэс минь зааж сургаснаар хүндэтгэлтэй ханддаг. Бид байгаль дэлхийтэй харьцдаг хүмүүс. Намайг анд явахад ямар ч амьтан тааралдахгүй бол байгаль бидэнд өгөхдөө бэлэн биш гэж ойлгон гэр рүүгээ буцдаг. Хэрвээ бид ан хийхгүй юм бол өв уламжлалаа алдаж, цаа бугын тоо толгойг ч хэвээр хадгалах боломжгүй болно гэж санаа зовж байна” гэв.
Хэдэн сарын өмнө таван духа хүн хулгайгаар ан хийж байгаад баригджээ. Тэдний дунд Ганбатын хүү ч байж таарчээ.

“Тэднийг хотын цагдаагийн газар руу авч явсан. Гэвч бидэнд унаа байхгүй учир гэртээ хүлээж суухаас өөр аргагүйд хүрсэн. Бид их айж байна. Учир нь бидний хэн нь ч юу болохыг мэдэхгүй. Биднийг хамгаалах хүн, хууль тогтоомж алга” хэмээн учирлалаа.
Цагдаа, шүүхийн байгууллага автомашинаар бүтэн хоёр цаг явж хүрдэг Мөрөн хотод байрладаг. Гэтэл духа иргэдийн хэнд нь ч унаа байсангүй.
Удалгүй хулгайн ан хийж баригдсан таван залуу гэртээ эргэж иржээ. Тэд таван жил хүртэл шоронд хоригдож, байгаль хамгааллын хууль зөрчсөн хэргээр 26 сая төгрөгийн торгууль төлж магадгүй байгаа талаар хуулийн байгууллагаас сануулжээ.
Мөрөн хотын цагдаагийн мөрдөн байцаагч “Хулгайн ан хийж, мод огтолж байгаа тухай олон гомдол ирдэг. Бид тэднийг дөнгөж ан хийгээд гар нь цустай байхад газар дээр нь барьсан. Монголд хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Духачууд Монголын хуулийн гадна байж болохгүй. Духачууд бидний ажлыг ойлгодоггүй. Тайгыг хамгаалж, байгалийг сүйтгүүлэхгүйн тулд хэсэг газрыг хориотой бүс болгосон. Энэ газар ирээдүйд бидний үр хойчид хадгалагдан үлдэх ёстой. Бид л хамгаалахгүй юм бол баялаг маань үгүй болох аюул нүүрлэж байна” хэмээн тайлбарласан юм.
Төмөрсүхийг АНУ-аас дөнгөж ирээд байхад нь бид түүнтэй уулзсан юм. Тэрээр хандивлагч байгууллагуудаас санхүүжилт хүсэхээр АНУ руу явсан бөгөөд түүхэн дэх дэлхийн анхны хамгаалагдсан газар гэдгээрээ алдартай Ёсемите үндэсний хүрээлэнтэй албан ёсны түншлэлийн гэрээ байгуулаад иржээ. Харамсалтай нь энэ нь нутгийн иргэдэд хүртээлгүй хэлцэл болж тэднийг багагүй гонсойлгожээ.

Учир нь АНУ-ын хандивлагчид Тэнгис Шишгедийн хүрээлэнгийн ой хамгаалагчдад ажлаа хийхэд нь туслах зорилгоор мотоцикл худалдан авах санхүүжилт өгөхөөр болсон байна.
Тус хүрээлэнгийн цахим хуудас болох Rally for Rangers-т бичсэнээр “Тэнгис Шишгедийн хүрээлэн нь хамгийн эртний нүүдэлчдийн амьдарч буй дэлхийн хамгийн ховор газруудын нэг юм” гэжээ. Гэхдээ духачуудыг өв уламжлалаа хадгалахыг нь зөвшөөрөхгүй бол хамгийн эртний нүүдэлчид гэх тодотгол удаан үргэлжлэх болов уу?
“Духачууд өөрсдийнхөө шинэ орлогын эх үүсвэрт гомдоллоогүй, өөрсдөдөө байхгүй дэгжин тансаг зүйлийг ч хүсээгүй.
“Үнэндээ ой хамгаалагчид ихэнхи цагаараа уул руу өгсөж, уруудан амьтдыг айлгаж сүрдүүлэхээс хэтэрдэггүй. Мөн биднийг хаа яваа газар мөшгиж, гишгэх газаргүй болгож байна. Бодит байдлыг мэдээгүй, сонсоогүй олон хүмүүст дуу хоолойгоо хүргэмээр байна. Бид орон гэртээ тайван амьдарч, эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна” гэж Ганбат уурсангуй өгүүлсэн юм.
2014 онд Монголын Засгийн газар духачуудын хүсэлтийг сонссоноор духа хүмүүст сарын 50 фунт стерлинг буюу 143500 төгрөг олгохоор болсон. Энэ нь ан хийж хоол хүнсээ бэлдэх, мод хагалж орон гэрээ барих, цаа бугаа бэлчээрлүүлэх хэлбэрүүдийг танаж, өвөг дээдсийнхээ газар нутгийг хадгалан үлдээхэд даан ч хүрэлцэхгүй, хангалтгүй мөнгөн дүн юм.
Духачуудын олон нийтэд хүргэх гэсэн санаа маш энгийн.

Буянтогтох “Духачууд өөрсдийнхөө шинэ орлогын эх үүсвэрт гомдоллоогүй, өөрсдөдөө байхгүй дэгжин тансаг зүйлийг ч хүсээгүй.
Бид тэдэнтэй тэдэнгүй бид ойгоо хамгаалж дөнгөнө. Хамгийн гол нь ой хамгаалагчид яагаад бидэнтэй ярилцаж болдоггүй юм бэ? Бид тэдэнд ой хамгаалахын тулд юу хийх ёстойг, амьтадын тухай мэддэг бүхнээ хэлж өгөхөд бэлэн байна. Яагаад тоо толгой нь улам цөөрч буй цаа бугыг хаана тэжээж, бэлчээрлүүлэх талаар бидэнтэй ярилцаж болдоггүй юм? Бид яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж?” гэсэн юм.
Дээрх асуудал дэлхий даяар духачуудтай адил амьдралын хэв маягтай олон хүмүүст тулгарч байна. Духачууд ганцаараа биш юм. Манай дэлхий дээр духачуудтай төстэй, үндэстэн угсаатны цөөнх болсон 370 сая орчим хүн бий. Тэд уул уурхайн ашиглалт олборлолтын заналхийлэлд өртөж, тухайн бүсэд амьдарч буй хүмүүсийн эрх ашгийг тооцолгүй гаргасан байгаль хамгааллын дүрэмд захирагдан амьдарч байна.

2014 онд Монгол Улс соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилгоор соёлын тухай хууль санаачлан баталсан билээ. Уг хуулийг санаачлагч, БСШУСЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл “Монгол Улс соёлын өвөө хамгаалж, нутгийн иргэдэд урт хугацааны турш баримталж ирсэн амьдралын хэв маягаа хадгалж үлдэхэд нь туслах ёстой. Хамгаалалагдсан бүсэд ч тусгай дүрэм журмын дагуу ан хийхийг зөвшөөрдөг болно” хэмээн хэлж байсан удаатай. Харамсалтай нь энэ амлалт өнөөдөр зөвхөн цаасан дээр л үлджээ. Уг хуулийг санаачилсан, духачуудын эрхийн төлөө дуугарч байсан Ц.Оюунгэрэл Засгийн газрын гишүүн байхаа больсноор энэ хуулийг эргэн санах хүнгүй болжээ.
Хуулийг заавал чандлан баримтлах ёстой ч, уг хууль хэзээ ч хэрэгжээгүй юм. Духачууд ч хуулийн хэрэгжилтийн тухай мэдлэг мэдээлэлгүйн улмаас батлагдсан хуулийн хэрэгжилтийг хянаж, эрхээ эдэлж чадахгүй байна. Тайгын нэгэн хэсэгт амьдрахаар тэмцэж, оршин тогтнолоо хадгалж үлдэхийг хичээж буй энэ жижиг бүлэг нүүдэлчдэд зориулж нийтэд уриалга, дуудлага хүргэхийг зорилоо.
Сэтгүүлч Марин Гаутир, “The Guardian” сонин
Уг нийтлэлийг Европын Сэтгүүлзүйн төвийг дэмжлэгтэйгээр гаргав
Англи хэл дээр нийтлэгдсэн эх хувилбарыг унших бол ЭНД дарна уу