Монгол Улсын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсны дотор найман нэр төрлийн татварыг нэмэх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг заалтууд багтсан билээ. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг өсгөсөн бөгөөд ингэхдээ сарын 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг бол 25 хувийн ХХОАТ ногдуулахаар болсон юм. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө. Одоогийн хуулиар иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг. Тэгвэл гадны улс орнууд орлогын албан татварыг хэрхэн авдаг талаар мэдээлэл хүргэж байна.
Гадны ихэнхи улс оронд “Олсныхоо хэрээр төл” гэсэн татварын бодлого баримталдаг. Энэ нь олсон мөнгөө бүгдийг татварт өг гэсэн санаа биш. Харин хэр их орлого олдгоосоо шалтгаалж татварын хувь ялгаатай байдаг гэсэн үг юм. Тухайлбал, ихэнхи оронд заасан түвшингээс бага цалин орлогтой хувь хүнд хувь хүний орлогын албан татвар 0-0.5% хооронд үйлчилдэг. Жишээ болгож хэд хэдэн орны жишгийг дурдъя.
“Улс төрчид татвар нэмэгдүүлснээр төсвийг нэмэгдүүлдэг гэж үздэг нь худлаа юм. Үнэн хэрэгтээ орлогын татвар нь орлого зарлагын хоорондох зайг нөхөхөөс хэтрэхгүй зүйл”
Манай урд хөрш БНХАУ-ын улсын төсвийн нийт орлогын ихэнхи хувийг татвар бүрдүүлдэг. Түүнчлэн макро-эдийн засгийн бодлогын гол бүрдүүлэгч төдийгүй Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлэгч хүчин зүйл юм. Хятад улс 1994 оны татварын хуулийн шинэчлэлээр хуучны социалист эдийн засгаас орчин үеийн зах зээлд нийцсэн бодлого баримтлах болсон. Үүний дүнд 2012 онд 11.1 их наяд юань буюу 1.8 их наяд ам.долларын албан татвар авч байсан нь 2013 он 9.8 хувиар өссөн байдаг.
БНХАУ нь бусад хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад бага цалинтай улсын тоонд ордог. Тэр хэрээрээ хувь хүний орлогын албан татварт харьцангуй уян хатан бодлого барьдаг байна.
Орлогын албан татварыг хүснэгт /юань/

Орлогын албан татварыг хүснэгт /төгрөгөөр/

АНУ
АНУ бол түүхэн эдийн засгийн Их Хямралыг “биеэрээ” үзэж мэдэрсэн улс билээ. АНУ-д маш олон хямрал нүүрлэж байсан. Гэхдээ 1929 оны аравдугаар сарын 29-ний хямрал хамгийн удаан буюу бараг 26 жил үргэлжилсэн хэмээн үздэг.
Үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсныг хямралын өрнөл байсан гэж үзэж болно.Улмаар хувьцааны үнэ гэнэт унаж, хөрөнгийн биржүүд нээгдмэгцээ хаалгаа барьж, хямрал жинхэнэ утгаараа гамшиг болж хувирчээ.
Ингэснээр ажилгүйдэл, ядуурал, орон гэргүй хүмүүс гэх мэт асуудлууд ар араасаа хөврөх болж, АНУ эдийн засгийн хувьд сүйрлийн хэмжээнд хүрсэн гэхэд болно.

Хямралыг давахын тулд америкчууд юуны түрүүнд орон гэргүй хүмүүсийг орон сууцжуулсан нь нүдээ олсон ажил болов. Ингэснээр нийгмийн хямралыг зогсоож чадсан юм. Түүнчлэн хямралын үе дайны үетэй давхцаж байсан тул өөрсдөө зэр зэвсэг, техник хийсэн нь экспортод эерэгээр нөлөөлж ажилгүйдэл гэх хамгийн том хүчин зүйлсийг шийдэх гарц болжээ. Дайны дараа ч мөн төрөөс хөрөнгө оруулалтын ажлуудад гол анхаарлаа хандуулж, нефть болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байр бий болгож байжээ.

Эдийн засаг хямарсан үед татвар нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын хүүг нэмэх, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих гэх зэрэг хэд хэдэн аргачлал бий. Гэвч татвар нэмэх нь төдийлөн оновчтой арга биш тухай сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн судлаачид анхааруулж, зөвлөх болсон байна. Ялангуяа, хөгжиж буй, буурай эдийн засагтай улсад орлогын албан татварыг нэмэх нь иргэдийн нуруунд хүнд ачаа болохоос цаашгүй байдаг. Татвар нэмэгдүүлж, гар дээр ирэх мөнгийг багасгаснаар хүнд суртал, авлигыг дэмждэг талаар The Guardian сонинд гарсан нийтлэлд дурджээ. Тус нийтлэлд “Улс төрчид татвар нэмэгдүүлснээр төсвийг нэмэгдүүлдэг гэж үздэг нь худлаа юм. Үнэн хэрэгтээ орлогын татвар нь орлого зарлагын хоорондох зайг нөхөхөөс хэтрэхгүй зүйл” гэсэн байна.
Жижиг дунд бизнесийн татварын тухай
АНУ жижиг дунд бизнесийг хөгжүүлсэн байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Энэ бизнесийг дэмжих гол бодлого нь татварын бодлого хэмээн шинжээчид үздэг. Тус улсын татварын тухай хууль тогтоомжид жижиг, дунд ААН-үүдийн тайлан гаргах ажлыг хялбаршуулах чухал заалтууд байдаг нь ЖДБ-ийн секторт хөрөнгө оруулахад дөхөм болгожээ.
АНУ-д ЖДБ-д чиглэсэн татварын дараах дэмжлэгүүд байдаг:
Орлогын албан татварыг бага хувиар тогтоох
Тухайлбал, ААН жилд 50 мянган ам.долларын орлоготой бол 15%, 50-70 мянган ам.доллар бол 25%, 75-100 мянган ам.доллар бол 34%, түүнээс дээш бол 35 хувийн орлогын албан татвар төлдөг.
Татварын хөнгөлөлт, урамшууллыг үзүүлдэг гол шалтгаан нь хөрөнгө оруулалтыг нэмэх зорилготой байдаг.
Бизнес эрхлэгчид хөрөнгийн өсөлтөд ногдуулдаг татвараас чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл зөвхөн “мэргэшсэн жижиг, дунд ААН”-үүдийн хувьцаанаас олсон орлогод татвар ногдуулдаг. Мэргэшсэн гэдэг нь 50 мянган ам.доллараас бага хөрөнгөтэй ААН юм.
Хувь хүний орлогын албан татвар /Хүснэгтээр/
Их Британи
Их Британийн Засгийн газар татвар төлөгчиддөө, ялангуяа бизнес эрхлэгчдэд хөнгөн шаардлага тавьдаг. Тухайлбал, Аж ахуйн нэгжүүд бусад бүх татвар төлөгчдийн адил үүрэг хүлээнэ.
Тус улсын татварын хуулийн дагуу 15 мянган фунт стерлингээс бага орлоготой аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгө, үйл ажиллагааныхаа талаар тодорхой тайлагнахгүйгээр татварын энгийн баримтыг бөглөх эрхтэй. Мөн татварын жилийн өр нь 500 фунтаас бага бол урьдчилгаа төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Түүнчлэн компьютер, харилцаа холбооны орчин үеийн хэрэгсэл, програм хангамж зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн авсан байгууллагуудад татварын онцгой хөнгөлөлт хэсэгчлэн үзүүлдэг байна. Ийнхүү татварын хөнгөлөлт, урамшууллыг үзүүлдэг гол шалтгаан нь хөрөнгө оруулалтыг нэмэх зорилготой байдаг.