-Газар хөдлөлтөд Британийн гурван иргэн амиа алджээ-

Италийн төв хэсэг буюу Ром хотоос 150 гаруй км-т орших Риети хотод өнгөрсөн лхагва гарагийн өглөө 03.36 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 247 болж өссөн бөгөөд өнөөдөр өглөөний мэдээгээр 250 хүн амиа алдаж, 300 гаруй бэртэж, гэмтсэн иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Өчигдөр буюу пүрэв гарагийн үдээс хойш дахин 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус бүс нутагт мэдрэгдсэн байна.

Аврах багийнхан газар хөдлөлт болсноос хойш хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд өдгөө 5000 гаруй аврагч хүнд даацын машин механизм, тэр бүү хэл нүцгэн гараараа аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.

Газар хөдлөлтийн улмаас нас барсан иргэдийн дотор Британийн гурван иргэн амиа алдсаныг албаныхан мэдээллээ. Тодруулбал, Лондонгоос ирсэн 14 настай хүү эцэг эх, эгчийнхээ хамт Италид зуны амралтаа өнгөрүүлж байхдаа газар хөдлөлтөд өртөн амь насаа алджээ. Талийгаач хүү Аматрис хотын орон сууцанд амарч байсан байна.

Аматрис хотод нурангид дарагдан нас барсан иргэдийн гурав нь ийнхүү Британийн иргэн байсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд “ВВС” агентлагт ярьжээ.

Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Борис Жонсон "Аймшигт газар хөдлөлтөд өртөн хүнд цохилт авсан Италийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Италийн Гадаад хэргийн сайдтай ярилцан Британийн Засгийн газрын зүгээс нөхөн сэргээх үйл ажиллагаанд нь туслахын тулд чадах бүхнээрээ хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн” хэмээн ярьжээ.

Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Италийн Засгийн газрын зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах талаар боломжит бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдэж, гамшгийн бүсэд онц байдал тогтоон аврах ажиллагаа явуулж байгаа юм.