Автозамын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний "АЗЗА" ТӨХК-иуд “Гудамж төсөл”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа тухай Монголын авто замын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээллээ.
Үүний улмаас тэд өрийн дарамтад орж, эд хөрөнгөө хураалган, хаалгаа барихад хүрээд байгаа гэдээ хурлын эхэнд онцолсон юм.
Энэ асуудлаар Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, төрийн бус мэргэжлийн байгууллагуудаас уулзалт хийж, УИХ, Засгийн газар, холбогдох яам, харъяа газрын удирдлагудад удаа дараа шаардлага хүргүүлжээ.
Үүний үр дүнд "АЗЗА" ТӨХК-иудад шаардлагатай нэмэлт хөрөнгийг 2015 оны хоёрдугаар сард УИХ-ын 93 тоот тогтоолоор төсвийн тодотголд тусган шийдвэрлэхээр болсон ч одоо хэр нь олгоогүй аж. Тиймээс Авто замын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын гишүүд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн сайд Д.Ганбат нарт дахин шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд шаардлагадаа “Монгол Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 онд улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд 55,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн төсөвлөсөн. Үүнийг төр засгаас 8,0 тэрбум төгрөгөөр төсөвт тусган баталсан. Товчоор хэлбэл, төсвөөс авто зам засвар арчлалтын ажилд төсвөөс олгохоор баталсан 8,0 тэрбум төгрөг бол энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компаний 1000 ажилтны цалинд ч хүрэхгүй. Ийнхүү хүрэлцээгүй, танасан төсвийн хор уршгаар замын компаниудын үйл ажиллагаа удааширч улмаар өрийн дарамтад орлоо. Мөн 180-300 мянган төгрөгийн цалинтай замчид энэ хэмжээний цалингаа ч авч чадаагүй хохирч байна. Энэ талаар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тухай Сангийн яамнаас бидэнд “амаар” мэдээлэл өгсөн. Одоо бид албан ёсоор төрөөс хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан замын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг шаардаж байна" гэжээ.
"Гудамж төсөл”-ийн ажилд хувийн өмчит 22 компани оролцсон бөгөөд гүйцэтгэсэн ажлын санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг авах ёстой юм байна.