Нийслэлийн удирдлагууд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, гишүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, төрийн бус байгууллагууд оролцон ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. Одоогийн байдлаар 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа хэдий ч нохойны тоо бууруурахгүй, хүн урах эрсдэл ихтэй байгаа юм.
Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж, золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулж ажиллах юм.
Үүний тулд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ. Тодруулбал, золбин эм нохойны савыг боож, үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэх юм байна.