“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын Ш.Стивентой тоглосон торгон агшинг манай сайт, "Eaglenews" телевизийн сурвалжлах группийн хамт түүний гэрт очиж гэр бүлийнхэнтэй нь хуваалцлаа.

Тамирчны тэр тусмаа 19-хон настайдаа олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж буй хүүгийнхээ дээлийнх нь захыг мушгин суугаа аав, ээжийнх нь сэтгэл хөдлөл, бахархаж суугааг нь уншигчидтайгаа хуваалцахыг зорьсон маань энэ.

Тамирчны тэр тусмаа 19-хон настайдаа олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж буй хүүгийнхээ дээлийнх нь захыг мушгин суугаа аав, ээжийнх нь сэтгэл хөдлөл, бахархаж суугааг нь уншигчидтайгаа хуваалцахыг зорьсон маань энэ.

Манай сурвалжлах баг Э.Цэндаатарын гэрт нь очиход гэр бүлийнхэн, найз нөхөд нь тоглолтыг нь сэтгэл догдлон хүлээж байлаа.

Цэндбаатарын аав Эрдэнэбат “Тоглолт эхлэх хугацаа дөхөх тусам улам догдлоод байх юм. Саяхан л энэ гудамжинд үеийнхэнтэйгээ хөөцөлдөн гүйж, худгаас ус зөөж гүйсэн хүү маань ингээд олимпод дэлхийн шилдгүүдтэйгээ өрсөлдөөд байж байх гэж. Мөн сайхан аа. Медалийн төлөө тоглох Америк боксчин нэлээн урт чацтай юм байна лээ. Гэхдээ хүү маань ур чадвар, техникээр тэрнээс дутах юм байхгүй ээ” хэмээн инээмсэглэв.

Харин найз С.Чинзориг нь “Манай Цэндээ их нөхөрсөг. Би боксчин гээд хүүхдүүдэд ерөөсөө томордоггүй. Их даруухан” хэмээн найзыгаа магтсан юм.

Хүсэн хүлээсэн мөч ирж Э.Цэндбаатарын медалийн төлөөх тоглолт эхэллээ. Түүний ээж Г.Болормаа “Миний хүү ялж чадна аа” хэмээн хүүдээ урам өгөв.Гэр бүлийнхэн нь Э.Цэндбаатарыг өрсөлдөгчөө оновчтой цохиход нь уухайлан баярлаж, гэнэ алдан цохиулахад өөрсдөө оногдож буй мэт уулга алдан бултана.

Харамсалтай нь эхний үед АНУ-ын тамирчин илүүрхэв. Харин энэ үед аав нь “За яах вэ. Дахиад хоёр үе байна. Үзүүлээд өг, миний хүү” хэмээн хүүгээ ирлэв. Гэхдээ сүүлчийн хоёр үед Э.Цэндбаатар оноогоо нөхөж чадсангүй. Ийнхүү 19-хон настай хүү нь олимпийн хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаатай цөөн хором ярилцлаа.

-Хүү тань харамсалтай ялагдлаа. Гэхдээ 19-хон насандаа олимпод оролцоно гэдэг чамлахааргүй том амжилт.

-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр медаль авч чадаагүй ч олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн хүүгээрээ бахархаж байна. Үнэнийг хэлэхэд тоглолтоо бүрэн гаргаж чадсангүй. Жин их хассан юм болов уу. Тэгээд л их ядарсан байх. Их амархан цуцаж байна.

-Э.Цэндбаатар хэдэн настайгаасаа хойш боксоор хичээллэж байгаа вэ? “Боксчин болъё” гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ, та?

-Хүү маань Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбыг Бээжингийн олимпоос мөнгөн медаль авч байхыг нь хараад боксчин болохоор шийдсэн юм. Гэнэт л нэг өдөр боксоор хичээллэмээр байна гээд, ахтайгаа хамт боксын дугуйланд явсан. Тэгээд л Б.Энхтайван дасгалжуулагчаар энэ спортын “А” үсгээ заалгаж байлаа.

-Э.Цэндбаатар эхээс хэдүүлээ билээ? Багадаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ?

-Хүү маань эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Ер нь багийн их сэргэлэн, үймүүлэгч хүүхэд байсан. Их шартай. Тавдугаар ангид байхдаа өөрөөсөө хавьгүй том биетэй наймдугаар ангийн хүүхэд зодоод аавдаа нэлээн зэмлүүлж билээ.

-Та хүүгийнхээ тоглолтыг тэмцээн дээр очиж үздэг үү?

-Ер нь зав гаргаж, үзэхийг хичээдэг. Сүүлийн жилүүдэд улсын аваргад оролцоход нь үргэлж очиж, дэмжиж байгаа.

-Э.Цэндбаатар өдий хүртэл таныг олон удаа баярлуулж байгаа нь мэдээж. Аль амжилт, ялалтад нь хамгийн их баярласан бэ?

-Хүү минь үргэлж л аав, ээж хоёроо баярлуулдаг. Бакугийн тэмцээнээс олимпийн эрх авахад нь үнэхээр их баярласан. Багаасаа олимпод оролцоно, олимпийн аварга болно гэж мөрөөддөг байсан хүүгийн маань мөрөөдөл биеллээ гээд хөл газар хүрэхгүй баярласан шүү.

-Э.Цэндбаатар олимпоос удахгүй ирнэ. Хүүгээ хэрхэн угтахаар, урам өгөхөөр төлөвлөж байна вэ?

-Манай хүү их шартай. Сэтгэлээр жаахан унаж байгаа байх. Энэ ялагдлыг нь аль болох мартуулж, урам зориг өгөхийг хичээнэ ээ.

Ярилцсанд баярлалаа.

Уншигч та бүхэн Э.Цэндбаатарын тухай хөргийг ЭНД дарж сонирхоно уу